Ирэх онд манай улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилтай танилцахаар Ерөнхий сайд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр зочиллоо. 20.7 тэрбум төгрөгөөр транзит заал байгуулах, зорчигчдын танхим болон онгоц буух хөөрөх зурвас өргөтгөж буй бөгөөд засвар, шинэчлэлийн ажил есдүгээр сарын 30-нд дуусч, ашиглалтад хүлээлгэж өгөх аж.
Зөвхөн өнгөрөгч онд гэхэд тус буудлаар 1.1 сая зорчигч үйлчлүүлсэн бөгөөд ачаалал ихтэй зуны улиралд өдөртөө 50 гаруй нислэг хийдэг аж.
Онгоц газардсаны дараа зорчигчийг угтах хоолойд хил, гааль, мэргэжлийн хяналт гээд хэд хэдэн ажилтан зорчигчдыг тосч байгаа нь аялагч, жуулчдын тав тухыг алдагдуулах магадлалтай учир хянан шалгах ажлыг нэг ажилтанд хариуцуулахыг Ерөнхий сайд даалгалаа.
Мөн иргэд онгоцноос буугаад хилийн зурвасаар нэвтрэхдээ заавал гар тээшээ рентгэн төхөөрөмжөөр дахин шалгуулж байгаа нь олон улсын жишигт нийцэхгүй байгааг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ. Тодруулбал, зорчигч манай улсыг зорихоор онгоцонд суухдаа тухайн орны хил, гаалийн байгууллагын ажилтнаар өөрийн гар тээшинд зохих аюулгүйн үзлэг хийлгэж, төхөөрөмжөөр шалгуулдаг. Иймд онгоцноос буугаад Монгол Улсын хилээр нэвтрэхдээ ахин гар тээшээ шалгуулж байгааг зогсоож, ногоон гарцыг ашиглан, зорчигчдод ямар нэг хүндрэл саад учруулалгүйгээр хилээр нэвтрүүлж байхыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох байгууллагуудад онцгой анхааруулж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.