Сүүлийн үед монголд БНХАУ-аас хуурамч будаа орж ирсэн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр их тархсан. Үүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна. Тус шалгалтанд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт цагаан будаа савлах, хадгалах, импортлох, худалдаалах гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг есөн төв, бүтээгдэхүүн жижиглэн савлах 21 цех, будаа хадгалах 13 агуулах, нийт 43 аж ахуйн нэгж, иргэдийг хамруулсан байна. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Хяналт шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?
-Бид Мон хангай трэйд компанийн “Бөмбөөлэй”, Номин фүүдс компанийн “Заан”, Од группийн “Ургац”, Агь компанийн “Сакура”, иргэний н.Оюунгэрэлийн “Түмний хүнс” зэрэг нийт 11 төрлийн будаанаас дээж авч, шинжилгээнд оруулсан. Тус шинжилгээгээр хадгалалтын хугацаа хэтэрсэн зөрчлөөс өөр зөрчил илрээгүй, бүгд чанарын шаардлага хангасан. Өөрөөр хэлбэл, будааг угаахаар шохой шиг үйрч, бутарч унаж байгаа нь хадгалалтын хугацаа хэтэрсэн, чийглэгээ алдсан тохиолдолд илэрдэг зөрчил юм байна. Тэрнээс биш гаднаас ямар нэгэн хуурамч, хулдаасан будаа орж ирсэн тохиолдол биш гэдгийг хэлмээр байна. Мөн шалгалтын явцад будааны савлагаа дээр хураасан он сар бус харин савласан он сарыг бичсэн нь илэрсэн. Тухайлбал, наймдугаар сарын тариалалтаас оруулж ирсэн будааг дараа оны нэгдүгээр сард савлаад, нэгдүгээр сард тариалалтаас авсан мэтээр бичсэн байгаа юм. Энэ нь иргэдийн ихээхэн төөрөгдөлд оруулж байгаа хэрэг.
-Зөрчил илэрсэн байгууллага, аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцсон бэ?
-Хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар долоон аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлж, зөрчилтэй ажиллаж байсан долоон аж ахуйн нэгжид нийт хоёр сая 370 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн хадгалалтын хугацаа дууссан, буцаан татан авалт хийгээгүй байсан хоёр нэрийн нийт 93 килограмм буюу 228800 төгрөгийн цагаан будааг хураан авч устгасан болно.
-Манай улсад хэчнээн орны цагаан будаа импортоор орж ирдэг юм бэ?
-Монгол Улсад есөн улсаас импортлосон цагаан будаа худалдаалагдаж байгаа. Тухайлбал, БНХАУ, ОХУ, Вьетнам, Энэтхэг, Тайланд, Австрали, БНСУ,Япон, АНУ гэх мэт. Үүнээс БНХАУ-аас орж ирж буй цагаан будааны 95 хувь нь хятад ханз үсгээр бичигдсэн, үйлдвэрлэсэн болон хадгалалтын хугацаа бичигдээгүй, буруу шошготой байсан.
-Иргэд хадгалалтын горим алдагдсан, хадгалах хугацаа дууссан, буруу шошготой будааг хэрхэн таньж худалдан авах вэ?
-Бид дахин иймэрхүү төрлийн хэргийг дахин гаргахгүйн тулд хяналт тавьж ажиллана. Мөн аж ахуйн нэгжүүд өөрсдөө дотоод хяналтдаа анхаарч, хугацаа хэтэрсэн зөрчилтэй бүтээгдэхүүн илэрвэл даруй буцааж өгөх хэрэгтэй. Харин иргэдийн хувьд хаяг, шошго, үйлдвэрлэсэн огноог сайн харж авах хэрэгтэй юм.