БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнгөрсөн долдугаар сард Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны нормыг шинээр баталсан. Уг ажлын эхний хэсгийг 1995 онд “Түр норм” хэлбэрээр баталж байжээ. Төслийн удирдагчаар ажилласан, ШУТИС-ийн Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын эрхлэгч С.Чулуунхуягаас усны шинэ нормын талаар тодрууллаа.
- Усны шинэ нормд аль салбарын хэдэн бүтээгдэхүүний хэрэглээг нэмж, шинээр тусгасан бэ?
-Сүүлийн жилүүдэд манай улсад бүтээн байгуулалт их өрнөж байна. Барилга байгууламж, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ ч ихэссэн. Тиймээс 1995 онд баталсан усны түр нормыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон. Нийтийн болон ахуйн үйлчилгээний газар, хөдөө аж ахуй, авто зам, барилга зэрэг 14 салбар, үйлдвэрийн 100 гаруй төрлийн бүтээгдэхүүний нормыг шинээр болон шинэчлэсэн. Уул уурхайн салбарын усны нормыг олборлолтынх нь төрлөөр нарийвчлан тогтоолоо.
-Орон сууцны айлуудын усны нормыг багасгасан гэсэн үү?
-Орон сууцанд амьдардаг нэг хүн хоногт 250 литр ус хэрэглэх журамтай байсныг 200 литр болгож баталсан. Гэхдээ хэрэглээ багасахаар үнэ нь өөрчлөгдөнө гэж ойлгож болохгүй. Шинэ норм усны зарцуулалтыг хянахад тус болно гэж найдаж байгаа. Харин усны үнэ өөрчлөх, эсэхийг бид шийдэхгүй.
-Усны нормыг шинээр тогтоох нь ямар ач холбогдолтой вэ?
-БНХАУ жилд хоёр удаа усны хэрэглээний нормыг өөрчилдөг. Технологи хөгжихийн хэрээр усны хэрэглээ өөрчлөгддөг. Гэтэл манайд энэ өөрчлөлт хэтэрхий удаан байна. Одооноос хэрэглэсэн усаа тооцож, нөөцөө хамгаалах шинэ норм тус болно.