АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотод албан айлчлал хийж байна. Энэ хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалтай танилцаж, Денвер хотын “Стаплтон” нисэх онгоцны буудлыг дахин төлөвлөсөн туршлагын талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Бид Денвер хоттой олон салбарт хамтран ажиллаж байна. Денвер хот 25 жилийн өмнө нисэх онгоцны буудлаа дахин төлөвлөсөн. Хөшигтийн хөндийд барьж байгаа шинэ нисэх онгоцны буудал Денвер хотын хоёр жилийн өмнө барьсантай адил жишгээр эхэлсэн. Дэлхийн 10 том нисэх онгоцны буудлын тоонд ордог тус хотын нисэх онгоцны буудлыг дахин төлөвлөсөн туршлагаас бид суралцаж, энэ чиглэлээр Денвер хоттой хамтран ажиллаж байгаа. Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсны дараа “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бид Нисэх, Яармагийг хот болгон хөгжүүлж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг дахин төлөвлөнө. Ингэхдээ иргэдээс асууж, өөрсдөөр нь шийдүүлнэ” гэлээ.