Монголын Залуучуудын холбоо Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хуралдаанаараа залууст тулгарсан бэрхшээлийг шийдэхийн тулд 16 байнгын хороо байгуулахаар болсон. Тэгвэл Орон сууцны байнгын хороо 21 аймагт салбар байгуулах ажилдаа ороод байна. Энэ сарын 7-9-нд болсон Төвийн бүсийн чуулганд оролцсон зургаан аймгийн төлөөлөгчдөд Орон сууцны байнгын хорооны дарга П.Анхбаяр хороог орон нутагт хэрхэн байгуулж, яаж ажиллах талаар заавар өгсөн юм. Уг чиглэлийн дагуу Орон сууцны корпораци болон байнгын хороодыг бүс нутаг, аймаг сумын хэмжээнд байгуулах ажлыг орон нутгийн залуус дэмжин, энэ сарын 25 гэхэд салбараа байгуулахаар санал нэгдлээ. Ийнхүү аймаг бүр Орон сууцны байнгын хороо байгуулж дууссаны дараа буюу ирэх есдүгээр сарын 12-нд 21 аймгийн байнгын хороодын дарга нар Улаанбаатар хотноо чуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэх аж.