ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас улс орныхоо 2015 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Муж, тойрог тус бүр дээр гардаг тус чансаанд Буриад анх удаагаа тэргүүлэх байрт шалгарч, олны анхаарлыг татсан байна.
Жижиглэн худалдааны өсөлтөөр Буриад ОХУ-ын нийт 85 субъектээс (46 муж, 22 БНУ, есөн хязгаар, гурван хот, дөрвөн автономит, нэг автономит муж) эхний байрт орсон байна.
Буриадын Засгийн газрын хэвлэлийн албанаас “Бидний амжилт монгол жуулчидтай салшгүй холбоотой. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас монголчууд визгүй зорчдог болсноор жижиглэн худалдааны хэмжээ 105.8 хувиар эрс өссөн” гэж мэдэгджээ.
Иргэдийн бэлэн мөнгө, бодит орлогын өсөлтөөр Буриад дөрөвдүгээр байрт шалгарсан нь ч урьд өмнө байгаагүй үзүүлэлт юм. Буриадын Ерөнхийлөгч Вячеслав Наговицын “2015 оны эхний улиралд манай иргэдийн бодит орлого 103.3 хувиар өслөө. Орос орны дунджаас илүү хурдтай нэмэгдэж байна” гэж тэмдэглэсэн.
Хэрэглэгчдийн үнийн индексээр ч Буриад улс ОХУ-д гуравдугаар байрт жагссан нь том амжилт болжээ.
Буриадын Гаалийн газраас “Монгол жуулчид яг хэдий хэмжээний орлого оруулж байгааг тооцоолох боломжгүй. Гэхдээ 2015 оны эхний хагаст Хиагтын боомтоор 104 мянган авто машин нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 56 хувь, Мондын боомтоор 5.5 мянган авто машин нэвтэрсэн нь 48 хувиар өссөн үзүүлэлт болсон. Тус хоёр боомтоор ОХУ-д зорчсон иргэдийн 80 хувь нь монголчууд байлаа. Буриадад одоогийн байдлаар 170 мянган монгол жуулчин ирсэн бөгөөд оны сүүл гэхэд энэ тоо 300 мянгад хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэж мэдээлсэн байна.
М.СУГАР-ЭРДЭНЭ