Нүүрсний уурхайн давхаргын ан цавд хуралдсан шатдаг хийг нүүрсний давхаргын метан хий гэдэг. Тавантолгойн ордын нүүрсний хийн нөөцийг ашиглан нийслэлчүүдийг цахилгаан, дулаанаар хангах зорилготой төсөл амжилттай хэрэгжиж, уг хийг боловсруулах туршилтын үйлдвэр өчигдөр үүдээ нээлээ.
“Эрдэнэс Тавантолгой”, “Элгэн” болон Солонгосын төрийн өмчит “Корей газ” компанийн хамтран бүтээсэн нүүрсний давхаргын метан хий олборлох тус үйлдвэр 450-480 метрийн гүнд олборлолт хийх юм.
Тавантолгойн ордын нүүрсний давхаргын хийн нөөцийг “Норвест” компани 20 гаруй тэрбум метр куб гэж тогтоогоод байгаа аж.
Метан хий нь 98 хувийн шаталттай бөгөөд ямар ч утаа тортог гардаггүй, үнэргүй шатдаг онцлогтой. Тиймээс метан хийг эрчим хүч, дулаан үйлдвэрлэхэд ашигладаг болвол Улаанбаатарын утааны асуудлыг шийдэх бүрэн боломжтой хэмээн “Элгэн” компанийн Гадаад харилцаа хариуцсан захирал Ч.Болдбаатар мэдээллээ.