Хятадын Тяньжин боомтод болсон дэлбэрэлтээр амиа алдагчдын тоо 112-т хүрч, 95 хүн сураггүй алга болоод байна. Алга бологсдын 85 нь дэлбэрэлтийн газарт хамгийн түрүүнд очсон гал командын ажилчид байжээ. Бээжингээс очсон шинжээчид хэргийн газраас маш хортой цианид натри илрүүлсэн нь ард олны дунд түгшүүр төрүүлээд байна. Засгийн газраас боомтын эргэн тойронд гурван км газарт хөл хорьж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа ч салхины хурд нэмэгдвэл хорт бодис улам хол тархах магадлалтай байгаа юм. Боомтын агуулах байранд 700 тонн цианид натри ямар ч харуул хамгаалалтгүй хадгалагдаж байсан гэдэг мэдээ гарснаас хойш Цагдаагийн газраас яагаад их хэмжээний хорт бодис иргэдийн орон сууцны ойролцоо, хадгалагдаж байсныг мөрдөн шалгаж эхлээд байна. Цианид натри хадгалж байсан агуулахыг эзэмшигч “Ruihai Logistics” компанийн эздийг баривчилжээ. Агаараас нисгэгчгүй төхөөрөмжөөр авсан зурагнаас үзэхэд боомтод байсан найман мянган шинэ машин ашиглах боломжгүй болсон нь тодорхой болсон. Хятадын Засгийн газраас энэ хэргийг сайтар мөрдөн шалгана гэдгээ илэрхийлж, харин ард иргэдийн дунд цуурхал тарааж, үймээн өдүүлсэн хэргээр 50 гаруй блог, цахим хуудсыг хаасан аж.