-Төрийн тэргүүн Өршөөлийн тухай хуульд хориг тавихаа мэдэгдлээ-
УИХ-ын ээлжит бус чуулганыг баасан гаригт хаав. Үүгээр хэлэлцэхээр төлөвлөсөн зургаан асуудлын дөрвийг нь баталсан бол үлдсэн хоёр чухал хууль болох Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлуулсан юм.
Мөн намуудын тохиролцоо дуусаагүй учраас зургаан сайдыг нөхөн томилж амжсангүй. Өршөөлийн тухай хуулийн эцсийн найруулга сонссоноос хойш таван өдөрт багтаан Төрийн тэргүүн хориг тавих хуультай.
Хуульд хориг тавина гэдгээ Төрийн тэргүүн УИХ-ын даргад мэдэгдсэн аж. Тиймээс ирэх долоо хоногт Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээн авах, эсэх болон зургаан сайдыг нөхөн томилох асуудлыг хэлэлцэхээр дахин ээлжит бус чуулган зарлана гэдгээ УИХ-ын дарга мэдэгдлээ.

Ц. Элбэгдорж: Ийм хууль өргөн барихаас аргагүй болтол Засгийн газрыг шахсан
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Соёлын төв өргөөнд баасан гаригт болсон Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойд оролцож үг хэлэхдээ Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдсэн юм. Тэрбээр “Авлигачдыг цагаатгасан өдрөөс Монголын төрийн нэр хүнд харлаж байна. Өмнөх Өршөөлийн хуулиудыг гаргахдаа албан тушаалтнуудын болон залилангийн хэрэг, төсвийн хөрөнгөд хуруу дүрсэн хүмүүсийг уучлахгүй гэдэг дээр хатуу тохирсон. Тиймээс энэхүү хууль бус хуульд хориг тавих болно. Өршөөлийн хуулийг өөрчилсний цаана аюултай наймаа явагдаж байна. Засгийн газрыг ийм хууль өргөн барихаас аргагүй болтол дарамталж байгаа хүмүүс хэрхэн хуйвалдсаныг, хилийн чанадаас дарамталсныг, зочид буудалд цуглуулсныг мэдэж байна. Өршөөлийн хуулийг танилцуулсан өдрөөс хойш хориг тавих тав хоногийн эрх нээгдэнэ. Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй” гэсэн юм.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиудын талаар тэрбээр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо сайн дураар ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй байх нэг удаагийн чөлөөлөлтийг зохицуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хуулийн үйлчлэх хүрээ Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудад хамаарахгүй болохыг онцлон тэмдэглэж байна.
Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэл, сум өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэх илүү нарийвчилсан зохицуулалт бий болгож, өмнө нь зохицуулаагүй байсан зарим харилцааг хуульчилж өгснөөрөө ач холбогдолтой.
Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн этгээдэд өршөөл үзүүлэх тухай хууль баталлаа.
Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуульд иргэн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн тулгуур зарчмыг баримталсан болно.
Өршөөлийн хуулийн дагуу тухайн этгээд ялаас өршөөгдөх болон үүсгэн шалгаж байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй.
Мөн энэхүү хуульд зааснаар гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаар тусгасан” гээд чуулган хаасныг мэдэгдэв.
С.УУЛ