“Мишээл экспо” төвөөр ормогц Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Шаравын “Сэрсэн тал” аялгуу цангинана. Нэгдүгээр давхрын голд зассан тайзан дээр “Жонон” хамтлаг тоглож буй нь энэ. Тайзны өмнө тусгайлан тавьсан суудалд Монгол болон Хятадын зочид төлөөлөгчид суух аж.
Энэ бол “Органик ногоон бүтээгдэхүүн, аялал жуулчлал” үзэсгэлэн, худалдааны нээлт юм. Уг үзэсгэлэн, худалдааг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган, манай Дорнод аймагтай хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж буй.
БНХАУ-аас 52, Монголоос “Говь кашмер”, “Дархан нэхий”, “Жем интернэшнл”, “Хүнс комплекс” зэрэг 20 аж ахуйн нэгж оролцож, нийт 1000 орчим органик бүтээгдэхүүн танилцуулан, худалдаж байна.
Мөн Хянган аймгийн, Рашаан хотын аялал жуулчлалын найман компани иржээ. Нээлтийн үеэр ХХАА-н дэд сайд Б.Батзориг “ХХААЯ-наас экспортыг нэмэгдүүлэхээр Дорнод аймгийн Халхгол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахыг зөвшөөрсөн.

Уг чөлөөт бүсэд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, БНХАУ-ын ӨМӨЗО руу гаргахад бэлдэх юм. Бидний хамтын ажиллагаа өргөжиж буйг энэ үзэсгэлэн, худалдаанаас харж болно” гэв. Найман эгнээ бүхий 80-аад лангуун дээр бараа бүтээгдэхүүн дэлгэжээ.
Хөрш орны худалдаачид лангуугаа улаан дэнлүү, цацаг, саагаар чимэглэсэн нь донжтой харагдана. Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг ургамлын тос таван литр нь 15.000, цагаан, шар будаа 2.5 кг нь 10.000-15.000, гурил 5 кг нь 8000-10.000, лууван, чинжүү кг нь 1500 төгрөгийн үнэтэй байв.
БНХАУ-ын худалдаачид ихэнх бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь борлуулж байсан бол манай улсын худалдаачид бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр зарж байсан юм.

Жишээлбэл, “Хүнс комплекс” хиамаа килограммыг нь 7590-11.000 төгрөгөөр, “Жем интернэшнл”-ын төлөөлөгчид архи, пиво, усаа арван хувийн хямдралтайгаар худалдаж байна лээ.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Манай орны хувьд экспорт, импорт хийхэд гол асуудал нь тээвэр юм. Авто болон төмөр зам, агаарын зам гаргахаар олон ажил хийж байна.
Жишээлбэл, Чойбалсангаас Хөөт хүртэл 140 км, Хөөтөөс СүмбэрРашаан чиглэлд 380 км төмөр зам барихаар баталсан.

Хоёрдугаарт, Монгол Улсын Хөгжлийн банкны 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Чойбалсан хотыг Баянхошуу, Халхгол, Хавирга- Ар хашаат, ОХУ-ын Ульхан боомтуудтай холбох тээвэр, эдийн засгийн үндэслэл боловсруулж, зураг төслийг нь гаргаж байна.
Мөн 10-аад хоногийн өмнө Улаанбаатараас Рашаант руу “Хүннү эйр”-ийнхэн туршилтын нислэг хийлээ. Аялал жуулчлалын салбарт уг нислэг маш хэрэгтэй юм” гэлээ. Уг үзэсгэлэнгийн үеэр, бямба гаригт хоёр орны бизнес эрхлэгчид “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа” бизнес форум зохион байгуулсан.
Уг форумаар нарийн ногоо тарих талаар санал солилцох, экспортлох, хамтарч уул уурхайн нөхөн сэргээлт хийх, хадлан хадах, өвс, тэжээл, арьсан эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн импортлох, гахайн мах экспортлох зэрэг 58 төсөл хэлэлцсэн юм.
Органик ногоон бүтээгдэхүүн дэлгэсэн онцгой үзэсгэлэн, худалдаа өнөөдөр өндөрлөнө.
Э.НАМУУН