Тариаланчдад бага оврын тракторыг хүүгүй зээлээр олгож байгаа юм байна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ХХАА-н сайдын тушаалаар малчид, тариаланчдад бага оврын трактор болоод түүний дагалдах хэрэгсэл болох хадуур, тармуур, анжисны хамт урт хугацааны хүүгүй зээлээр олгох ажил үргэлжилж байгаа аж.
Энэ нь Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 8400 бага оврын трактор, 253 хадуур, тармуур, анжисыг урд хөршөөс авчирч, малчид болон тариаланчдад худалдаж байгаатай холбоотой юм байна. Энэхүү бага оврын тракторын үнэ нь таван сая төгрөг бөгөөд урьдчилгаа 20 хувь буюу 1.0 сая төгрөгийг төлөөд, үлдэгдэл 4.0 саяыг дөрвөн жилийн хугацаанд тэнцүү хувааж өгөх боломжтой болох юм. Харин хадуур,тармуур болон анжисыг нийтэд нь 1.5 сая төгрөг төлөөд авах боломжтой юм.
Бага оврын энэхүү техник хэрэгслийг худалдаж авахыг хүсвэл өөрийн оршин суугаа аймгийн Засаг даргын болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын тодорхойлолт мөн урьдчилгаа төлбөр тушаасан баримтын хамт Тариалан эрхлэлтийг дэмжих санд авчирч өгөөд техникээ авч болох юм.