“Цахилгаан тээвэр” компанийн кондукторууд хулгай хийж буй бичлэг олон нийтэд ил болж, багагүй дуулиан тариад байна. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболороос тодрууллаа.
-Смарт картны систем нэвтэрсэн эхний хэдэн өдөр автобус компанийн орлого нэмэгдсэн. Гэтэл орлого нь эргээд огцом буурсан. Үүнийг нягталж, камер шүүж үзтэл жолооч, кондукторууд хайрцагнаас мөнгө хулгайлж байгаа цөөнгүй тохиолдол илэрсэн. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Бэлэн мөнгөний хайрцагт урт нарийнхан төмөр оруулж хавчаад өдөрт 2-3 удаа мөнгө авдаг гэсэн мэдээлэл байгаа.
-Жолоочтойгоо нийлж авдаг гэсэн үг үү?
-Тийм. Ийм үйлдэл “Цахилгаан тээвэр” компани гэлтгүй бусдад нь ч гэсэн гарч байна. Кондуктор зорчигчид бэлэн мөнгөө бүрэн хийж байгаа эсэхийг хянах ёстой. Гэтэл хянах нь бүү хэл шударгаар мөнгөө төлсөн зорчигчдын мөнгийг хулгайлж байгаа тохиолдол камерын бичлэгээс илэрсээр байна. Их олон хүн холбогдсон. Тиймээс шуурхай арга хэмжээ авахаар хотын удирдлагуудтай хамтран ажиллаж байна.
-Камер байсаар байтал мөнгө хулгайлсан гэхээр итгэхэд бэрх л юм.
-Камергүй автобус ганц ч байхгүй. Нэг автобусанд дөрвөн камер бий. Жолооч, кондукторуудын энэ ичгэвтэр үйлдлээс гадна халаасны хулгайчдын нэлээд олон хэрэг илэрсэн. Мөн кабиндаа тамхи татах, цэвэрлэгээгээ хийж байгаа, эсэхийг мэдэх боломжтой.
-Камерын бичлэгийг хэд хоног хадгаладаг вэ. Бүх камерыг шалгаж байгаа юм уу?
- Бүх камерыг шүүж байгаа. Бичлэгийг 7-45 хоног хадгаладаг. Камерыг шүүж дууссаны дараа аль компанийн хэдэн ажилчин хэчнээн төгрөг хумсалсан нь тодорхой болно.
Ч.ТУЯА