Нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-наас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Нийтийн тээврийн газраас уг шинэчлэлтийг Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлээс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилготой хэмээн тодотгож буй. Гэвч энэ нь бодит хэрэг дээр эсрэгээрээ хэрэгжээд байх шиг. Иргэд шинэ чиглэлээ мэдэхгүй төөрч явна. Автобусны буудал дээр очиход “Энэ автобус хаашаа очих вэ”, “Баянхошуу руу ямар автобусанд сууж явах вэ”, “Яармаг руу явахад заавал 2-3 автобус дамжих ёстой болчихлоо” хэмээн бухимдаж, төөрөлдөх иргэд автобусны буудал дээр зогсоцгоох бөгөөд нэг автобус ирэхэд л гүйлдэн очиж автобусны жолоочоос хаашаа явахыг нь асууна. Үүнд нь залхсан жолооч хааяа нэг уурласан харагдана. Өглөө ийм л дүр төрх биднийг угтлаа. Дээрээс нь иргэд 30 минутын дотор үнэгүй сэлгэж сууж болно гэж байсан ч энэ нь автобусны компаниудад алдагдалтай гэсэн тооцоо гарснаас уг шийдвэрийг цуцалсан байна. Тэгэхээр автобусны шинэ чиглэлийн хуваариар хотын нэг захаас нөгөө зах руу 500 төгрөгөөр зорчдог байсан бол одоо 1500 төгрөгөөр зорчих боллоо гэсэн үг. Ингээд энэ тал дээрх иргэдийн байр суурийг сонирхлоо.
Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хорооны иргэн Р.Бумчинсүрэн: Зуслан дээрээс өчигдөр ирсэн болохоор шинэ мэдээ, мэдээлэл тун хомс байна. Тэгээд өглөө автобусанд суух гээд гараад иртэл хаашаа, яаж явахаа мэдэхээ больчихлоо. Мэддэг автобус огт явахгүй юм. Бас автобуснуудын хоорондын зай нэлээд холдсон юм шиг санагдлаа. Дараагийн автобус бараг 30 орчим минутын дараа л ирж байна. Хэрэв үнэхээр шинэчлэлт хийхийг хүсч байгаа бол бүх зүйлийг судлаад, нарийн төлөвлөгөө гаргаж хийдэг болохоос биш дээд албан тушаалтны цөөн хэдэн хүн шийдвэрээр бүхнийг өөрчилж болохгүй шүү дээ.
Баянзүрх дүүрэгийн иргэн н.Дашмаа: Автобуснууд богино эргэлтээр эргэдэг болсон юм уу гэж бодож байна.
Баянгол дүүрэг 14 дүгээр хорооны иргэн Р.Алимаа: Энэхүү шинэчлэлт надад таалагдаж байна. Хүмүүс бас өөрчлөгдөхийг хүсч байна шүү дээ. Хэдийг хүртэл бүдүүлэг, харанхуйгаараа явах юм бэ. Шинэ чиглэлийн талаарх мэдээлэл ч их байсан. Телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хангалттай мэдээлж байна лээ. Хүмүүс чигээ олохгүй бухимдаад байгаа нь арай дасаагүйгээс болсон болов уу гэж бодож байна.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Энхчимэг: Иргэдэд үзүүлэх хөнгөлөлтүүдээ үзүүлж чадвал автобусны чиглэл өөрчигдсөн байна уу үгүй юу гэдэг нь хамаагүй. Харин нийслэлийн удирдлагуудаас иргэдэд үзүүлэх хөнгөлөлтийг үзүүлж чадахгүй байгаад бага зэрэг харамсаж байна. Төв замаараа нэгдсэн журмаар нэг автобус явуулна гэж ойлгоод байгаа. Энэ нь хотын өнгө үзэмжид ч гэсэн хэрэгтэй л байдаг байх. Хамгийн гол нь миний явдаг маршрутаар би нэг автобус дамждаг байсан бол одоо хоёр автобус дамжих хэрэгтэй боллоо. Энэ нь миний нийтийн тээвэрт зарцуулах төсөв нэмэгдэнэ гэсэн үг. Өдөрт 1000 төгрөгөөр ажил, гэрийн хооронд зорчдог байсан бол одоо 2000 төгрөг зарцуулдаг болчихлоо. Үүнд л иргэд хохирч байна.
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн н.Батбилэг: Хэрэв 30 минутын дотор үнэгүй сэлгэж сууж болдог байсан бол энэхүү шийдвэрийг дэмжих байсан юм. Гэтэл цахим картаар үйлчлүүлдэг болсноос хойш тэр журам ганц удаа хэрэгжээгүй гэж бодож байна. Тэгэхээр хэдийгээр шинэчлэлт гэж байгаа боловч хуучин системээсээ ялгагдаагүй хэрэг болсон.
Дархан хотын иргэн н.Баяраа: Миний урьд нь явдаг байсан чиглэлээр огт өөр болчихсон байна. Дээрээс нь автобуснууд ч ирэхгүй юм. Автобус хүлээж бараг нэг цаг зогслоо. Ийм байхад яаж 30 минутын дотор үнэгүй сэлгэж суух вэ дээ. Иргэдээрээ бараг даажигнаж байгаа юм шиг л байх юм.
Чингэлтэй дүүргийн иргэн н.Жаргал: Хуучин чиглэлээрээ явсан нь хамаагүй чирэгдэл багатай байсан юм. Би өглөөнөөс хойш их олон хүнтэй уулзлаа. Бүгд л “Чи наашаа яаж ирсэн бэ, ямар автобусанд суусан бэ, би 2-3 удаа дамжиж байж ирлээ” гэцгээх юм. Тэгээд автобусны жолооч нараас асуухаар өөдөөс нь уурлаж байна.
Хан-Уул дүүргийн иргэн Б.Үүрийнтуяа: Би нийтийн тээврийн салбарт хийгдэж байгаа шинэчлэлт гэх зүйлийн эсрэг байна. Би нийслэлийн удирдлагуудаас Монгол Улсын иргэн хүнийг яагаад хот, хөдөөнийх гэж ялгаад байгаа юм бэ гэж асуумаар байна. Тухайлбал, манай ээж өндөр настны тэтгэвэр авдаг. Тэгээд өндөр настны цахим карт авах гэхээр хөдөөнийх гээд өгөхгүй юм. Тэгээд учрыг нь асуухаар “Э.Бат-Үүлээсээ очих асуу” гээд халгаахгүй юм. Бас автобуснууд эрт зогсоод байх шиг байсан. Орой 20:30 цагаас хойш хүлээгээд 22.00 цагийн үед ганцхан автобус ирж зогссон.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Х.Энхболд: Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх нь зөв гэж бодож байна. Ард иргэд эхэндээ учраа олохгүй бага зэрэг бухимдаж байх шиг байна. Гэхдээ хэд хоногоос дасаад ирэхээрээ гайгүй болох байх. Би хувьдаа энэ шинэчлэлтийг дэмжиж байгаа. Үр дүн нь ч гарна гэдэгт итгэлтэй байна. Олон давхардсан чиглэлийг цэгцэлж, эдийн засгийн хэмнэлт хийж байгаа л гэж ойлгоод байгаа шүү дээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Нямсайхан: Автобусны буудал бүрт тухайн чиглэлийн автобусны хаана зогсож, хаагуур явахыг заасан маршрутаа бичиж хадахгүй бол нэг хэсэгтээ л учраа олохгүй юм шиг байна. Өчигдөр Дарь-Эхийн дунд буудлаас дамбын эцэс орох гээд автобусанд суутал хоёрхон буудал яваад ганц буудлаас эргэнэ гэсэн. Кондуктор нь тэнд ямар ч үүрэггүй хүн урд нь суугаад унтаж байсан. Ядаж ганц худаг хүртэл явна гээд орилохгүй яасан юм бэ гэж асуутал энд бичээстэй байгаа, өөрөө харахгүй яасан юм бэ гэсэн. Өчигдөр ширүүн салхитай, бороо орж байсан болохоор автобусны хаяг харах боломжгүй шууд ороод мөнгөө төлсөн. Иймэрхүү тохиолдол олон гарч байгаа сурагтай байсан. Тиймээс эхний долоо хоногтоо кондуктор нь эцсийн буудлыг нь хэлээд явах хэрэгтэй юм шиг санагдлаа. Тэгээд бас картаа цэнэглэх гэхээр цэнэглэх цэг нь олдохгүй юм.