“Хөршийн өдөр”-ийг нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Тус шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн байгуулсан А/671 дугаар захирамжаар баталсан юм.
Энэхүү арга хэмжээний гол зорилго нь дүүрэг, хорооны оршин суугчдыг хоорондоо танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Тиймээс тус арга хэмжээний хөтөлбөр, удирдамжийг баталж, шаардагдах 62.3 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.