Шийдлийн Засгийн газрын огцорсон зургаан сайдын орны хүнийг тодруулах марафон үргэлжилж байна. УИХ-аар Өршөөлийн тухай хууль баталж, МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо “тусалж, зөвлөхөөр” ирснээс хойш квот тойрсон хуваарилалт, тохиролцоо өөрчлөгдөөд буй.
АН-ынхны хувьд МАН-ын зургаан сайдыг чөлөөлсний дараанаас л эвсэлд хоёр квот олгох хүсэлтэй байсан. Харин Н.Энхбаяр энэ тоог гурав, цаашлаад бүр дөрөв болгох сонирхлоо илэрхийлж эхэлсэн юм.
Дотроо олон фракцтай, эрх ашигтай учраас АН-ынхан квотоо тийм ч амархан өгчихгүй. Тэд “Шударга ёс” эвслийн, үнэндээ Н.Энхбаярын амыг харсаар ээлжит бус чуулганыг дуусгачихсан. Гэвч эвслийнхэн шийдэлд хүрэлгүй удав.
Тэр зуур АН-ынхан дөрвөн квот дээрээ тохиролцоо хийж, “Шонхор” фракцаас Г.Баярсайханыг Хөдөлмөрийн, МоАХ-ноос Л.Эрдэнэчимэгийг Зам, тээврийн, МҮДН-аас Н.Батбаярыг Сангийн, “Алтангадас”- аас Я.Санжмятавыг Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлэхээр болсон байна.
Тус намынхан бүлэг дотроосоо, УИХ-д хоёроос доошгүй удаа сонгогдсон, сайд хийж байгаагүй хүмүүсээ нэр дэвшүүлнэ хэмээн тохиролцсон. Гэвч энэ зарчмынхаа 50 хувийг л биелүүлэхээр болж буй аж.
АН Н.БАТБАЯРТ ХАЙРТАЙ
Н.Батбаяр мөнхийн мөрөөдөлдөө хүрэхэд алхам ойртжээ. Сангийн сайд болох юмсан гэж тэр хэзээнээс л “зүүдэлж” ирсэн. Ямар сайндаа л Н.Алтанхуягийн Засгийн газар түүнд зориулан Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж, сайдаар нь томилж байх вэ.
Энэ намынхан Н.Батбаяртаа үнэхээр хайртай юм. Эдийн засагч мэргэжилтэй тэр салбараа гайгүй мэддэг нь үнэн. Сайдаар ажиллах хугацаандаа ч багагүй ажил хийсэн л байх. Бонд босгоход тэр хүчин зүтгэсэн.
Гэвч “Муу зүйл бүү ярь, бүү бод” хэмээн ярьж, хэт өөдрөгөөр сэтгэсээр яваад бодол нь үйлдлээ гүйцээгүй юу, эдийн засгаа бодитоор өөд татаж завдаагүй. Олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэл хүлээсэн сайд нарын нэг нь байж, улмаар Н.Алтанхуяг бүтцийн өөрчлөлт хийх нэрээр огцруулсан билээ.
Хариуцлага тооцож огцруулсан түүнээс өөр Сангийн сайд хийчих хүн энэ намд байгаагүй гэж үү. Эсвэл “эрх гишүүн”-ийхээ мөнхийн мөрөөдлийг биелүүлэх нь үлдсэн хэдэн сард улс орноо өөд татахаас, АН-ыг ард түмэн чичлэн шүүмжлэхээс илүү санагдсан бололтой юм.
Л.ЭРДЭНЭЧИМЭГИЙН АМБИЙЦ САЙДАД ХӨТЛӨВ
Тэр МоАХ фракцын гишүүн, Х.Баттулгын хүн. “Босс” нь түүнийг нэр дэвшүүлэхийн төлөө багагүй хичээл зүтгэл гаргасан. МоАХ фракц намдаа багагүй нөлөөтэй учраас Х.Баттулгын байр суурийг бусад нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байсан биз.
Л.Эрдэнэчимэгийн хувьд УИХ-д анх удаа сонгогдсон гишүүн. Нэлээд амбийцтай, эмэгтэйчүүдээ нэгтгээд албан бус бүлэг байгуулж, ахлагч нь болчихсон яваа.
Тамхи, архины эсрэг хуулиар имижээ бүрдүүлж яваа энэ гишүүн Тавантолгойн ажлын хэсгийг ахалж ажилласан. Төслийг гацаасандаа тун ч баяртай яваагаа хэвлэлээр дуулгасан байна лээ.
Тавантолгойн Ажлын хэсгийг ахална гэхэд нь л чамлах, шүүмжлэх хүмүүсийн уур амьсгал давамгайлсан. Одоо түүнийг сайд болно гэвэл санаанд бүр багтахгүй. Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ байнга ороогддог ийм “будлиу” гишүүн бүхэл бүтэн яам авч явж дийлэх үү.
Тэр тусмаа маш хариуцлагатай Зам, тээврийн сайд болгоно гэвэл салбарынхан нь лав дэмжихгүй. Амбийц нь ажлын хэсгийн ахлагчаас сайдын суудалд түүнийг хүргэж байгаа ч олон нийтийн зүгээс дэмжлэг хүлээх нэр дэвшигч лав биш.
“ШОНХОР”-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ
Хөдөлмөрийн сайдад нэр дэвшиж буй Г.Баярсайхан гишүүн УИХ-д хоёр дахиа сонгогдсон, сайд хийж байгаагүй учраас АН-ын бүлгээс анх гаргасан зарчимд 100 хувь нийцэж буй.
Экологич мэргэжилтэй тэрбээр өнгөрсөн хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж үзсэн. Багагүй туршлага хуримтлуулчихсан учраас фракцынхан нь түүнийг дэмжиж, Хөдөлмөрийн, эсвэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын аль нэгийг хийж чадна хэмээн зүтгүүлсэн.
Гэвч мэргэжлийнх нь чиглэлийн яам тохиролцоогоор “Шударга ёс” эвсэлд очжээ. Ингээд тэр Хөдөлмөрийн сайдад нэр дэвшихээр болж буй юм. Горилогчдын дунд анхнаасаа л нэр нь байсан, элдэв идсэн уусан хэл аманд ороод байдаггүй, бас ч гэж тодорхой туршлага хуримтлуулчихсан нэгэн.
Гэхдээ тэр хөдөлмөрийн салбарын мэргэжлийн хүн биш гэдгээрээ л шүүмжлэлд өртөж мэдэх юм.
Я.САНЖМЯТАВ БХБЯ-ЫГ “БАЗАХ” УУ
“Алтангадас”-ынхан тэргүүнээ Барилга, хот байгуулалтын сайдад дэвшүүлж байна. Аймгийн Засаг дарга, Хөдөлмөрийн сайд байсан түүний хувьд энэ яамыг аваад явчих туршлага бий. Бас нэг их шүүмжлэлд өртөж, “адлагдалгүйгээр” ажиллаж байгаад Засгийн газар огцроход албаа өгсөн.
Нэг хэсэг Сангийн сайдад нэр нь дуулдаж байсан ч одоо БХБЯ-ыг “базах”-аар болж байх шиг. Хэдэн өдрийн турш хор найруулж, хэлэлцээ тохиролцоо өрнөсний эцэст АН дотроос ийм нэрс тодорлоо.
Хоёр квотоо голж, гурвыг, цаашлаад дөрвийг нэхэж буй сурагтай байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр үүнд нь ямар хариу үйлдэл үзүүлэх бол. Тэр мэдээж алга ташаад хүлээж авахгүй.
Тэгэхээр дахиад л яриа тохиролцоо өрнөх байх. Юутай ч АН-ынхны хувьд эвсэлд сайдын хоёр квот л өгнө гэсэн байр сууриа хадгалах нь. Гэхдээ дэд сайдын суудал эвсэлд нэмж өгөх замаар “зохицох” сураг бас байна.
С.Туул