Аливаа ажлын дараа тууз хайчилж нээлт хийдэг уламжлалыг эвдсэн нэгэн арга хэмжээ өчигдөр боллоо. Цагаан бээлийтэй дарга нар улаан тууз хайчлахын оронд цэнхэр өнгийн агаарын бөмбөлөг хөөргөж, нийслэлийн жишиг автозамыг ашиглалтад оруулсан юм.
Энэ нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн XII хорооны Булгийн 12 дугаар гудамжны, ачаалал ихтэй зам байв.

Чингэлтэй, Хайлаастыг холбосон энэ зам XII хорооны оршин суугчид болон “Нарантуул II”, “Шонхор” худалдааны төвийн үйлчлүүлэгчдэд эн тэргүүнд хэрэгтэй байсан бүтээн байгуулалт гэдгийг нээлтийн үеэр иргэд хэлж байлаа.
Түүнчлэн байгалийн чулуун, бетонон хучилттай тул жишиг зам хэмээн онцолж буй. Учир нь байгалийн чулуу нь асфальтан зам шиг хагарч бутрахгүй, шугам хоолойд засвар хийн замын хучилтыг хуулсан ч буцаагаад тавьж болдог олон жилийн настай эд.
Нэг юмыг олон удаа хийж, үргүй зардал гаргахгүй байхаар шийдсэн гэж дүүргийн удирдлагууд хэлж байлаа. Тус дүүргийн XII хорооны оршин суугч Н.Шүрэнцэцэг “Би энд 32 жил амьдарч байна.
Энэ зам дээр осол их гардаг, явган хүмүүст их аюултай байсан. Одоо бол автозам, явган хүний зам нь ч их өргөн боллоо. Энэ ажлыг хийхэд манай хорооны оршин суугчид болон энд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд их идэвхтэй оролцсон.
Одоо замын эвдрэлээс шалтгаалан гарах осол багасна гэдэгт найдаж байна” гэж ярив. Энэхүү замыг нэн тэргүүнд засах шаардлагатай гэдгийг тус дүүргээс сонгогдсон гишүүдэд удаа дараа хэлж байсан ч нэг ч ажил хийлгүй ийнхүү хоёр сонгууль дамнажээ.

Иймээс дүүргийн удирдлагууд айлаас эрэхээр авдраа уудалъя хэмээн төсвийнхөө хөрөнгөөр замаа зассан байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Бид 2015 оныг Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүний дагуу дүүргийн урсгал засварын төсвийн 300 сая төгрөгөөр энэ хэсгийн замыг заслаа.
Замыг манай дүүргийн Тохижилт үйлчилгээний компани зассан. Үерийн ус орж ирдэг учраас чанарт нь анхаарлаа.
Мөн байгалийн чулуун, бетонон хучилттай тул тоос шороо босохгүй. Энэ нь агаарын бохирдлыг арилгахад бага ч болов нэмэртэй болов уу гэж бодож байна” гэв.
Х.АЗЖАРГАЛ