ЕБС-ийн сурагчид 2012-2013 оны хичээлийн жилээс 40 хувийн ноос, 60 хувийн полистр материалаар хийсэн, эдэлгээ сайтай дүрэмт хувцсаар жигдэрсэн.
Улмаар сурагчийн дүрэмт хувцсыг нийлүүлэх зорилгоор Засгийн газраас 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон билээ.
Тэгвэл энэ хичээлийн жилд хэчнээн ширхэг дүрэмт хувцас үйлдвэрлэх, үнэ өртөг нь ямар байх талаар Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын дарга С.Балжиннямаас тодрууллаа.
-Энэ жил хэчнээн ширхэг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх вэ?
-Энэ жил сургуульд шинээр элссэн болон ЕБС-д сурч буй нийт хүүхдийн талаарх тодорхой мэдээлэл БСШУЯ-нд бий. Манай яамнаас хийсэн судалгаагаар энэ хичээлийн жилд 200 мянга орчим дүрэмт хувцас шинээр үйлдвэрлэнэ гэсэн тооцоо гарсан.
Сурагчийн дүрэмт хувцасны чанарыг БСШУЯ, үүнийг дотооддоо үйлдвэрлэхэд АҮЯ анхаарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, оёдлын үйлдвэрүүд чанар, стандарт, үнээр өрсөлдөнө.
-Дүрэмт хувцасны үнэ өөрчлөгдөх үү?
-Оёдлын үйлдвэрүүд хямд үнээрээ л өрсөлдөнө. Чанар, стандартын шаардлага хангасан дүрэмт хувцсыг хаанаас авах нь иргэдийн сонголт учраас төрөөс зохицуулалт хийх боломжгүй.
Харин үйлдвэрлэгчдийн хувьд өрсөлдөөн чөлөөтэй.
-Сурагчийн дүрэмт хувцасны хэрэгцээг дотоодын үйлдвэрүүд бүрэн хангах боломжтой юу. Үнэтэй хэдий ч чанаргүй гэх гомдол их гардаг шүү дээ?
-Маш олон оёдлын үйлдвэр бий. Тэд 200 мянгаас ч илүү хувцас үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай. Сурагчийн дүрэмт хувцасны загвар, материалыг баталсан стандарт бий.
Түүнд МХЕГ хяналт тавина. БНХАУ-д үйлдвэрлэсэн дүрэмт хувцас борлуулж байгаа тохиолдол цөөнгүй гарсан. Гаалиар үүнийг нууж оруулж ирсэн тохиолдол бүртгэгдсэн.
Үүнийг зогсоохын тулд АҮЯ-наас Монгол хонины ноосоор хийсэн даавуугаар, дотооддоо сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ёстой гэсэн бодлого баримталж, техникийн зохицуулалт хийж байна.
С.УУЛ