БНХАУ-ын Тяньжинд болсон дэлбэрэлтэд монгол хүн өртөөгүй гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ачаа тээвэрлэгчид ямар хохирол амссан талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Ганзоригоос тодруулахад
-Манай аж ахуйн нэгжүүд хэдий хэмжээний хохирол хүлээсэн нь одоогоор тодорхойгүй байна. Химийн бодис дэлбэрсэн боомтод гадаадын орнуудаас Хятад руу экспортолдог бараа бүтээгдэхүүнийг буулгадаг.
Өөрөөр хэлбэл, энд эдийн засгийн чөлөөт бүс байрлаж, тус улсын импортолж буй бүтээгдэхүүн үүгээр дамждаг гэсэн үг.
Харин манай улсын экспорт, импортын бүтээгдэхүүнийг дамжин өнгөрүүлдэг хэсэг тус газраас 8-10 километрийн зайд оршдог. Тиймээс хохирол бага хүлээсэн гэж хэлж болно.
Манай тээвэр зуучийн байгууллагууд Хятадын талын харилцагч аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл аваад эхэлсэн. Хохирлын нэгдсэн дүн хараахан гараагүй байна.
-Тус боомтод ачаа бараа саатаж буй гэсэн. Үүнээс болж манай улс хэр их хохирол хүлээсэн бэ?
-Тийм. Дэлбэрэлтээс шалтгаалан боомтын ажил зогссон, хяналт шалгалт нэмэгдсэн гэсэн. Үүнээс үүдээд ачаа эргэлт удааширсан.
-Энэ боомтоор манай улсын хэчнээн хэмжээний ачаа бараа дамждаг вэ?
-Манай нийт импортын 70 хувь нь Тяньжины транзит боомтоор дамжиж байгаа. Япон зэрэг орон руу хийж байгаа экспортын мөн 70 орчим хувийг үүгээр гаргадаг.
Н.САНЖАА