“Хүчтэй хүний хөдөлгөөн бүр мэх” гэж хорьдугаар зууны манлай бөх Х.Баянмөнх хэлсэн удаатай. Хүчтэй бөх дорвитой мэх хийгээгүй байхад л учраа нь өөрийн мэдэлгүй өвдөг шороодчих тохиолдол олонтаа давтагддаг аж.
Эх орондоо тааваараа салхилж чадахгүй шахам харьд суугаа Н.Энхбаярын ирэхүй, одохуй дор Монголын улс төр унаж, босон хийсэх нь тун хачирхалтай. Хүмүүс хүссэн ч, эс хүссэн ч түүний амнаас унах хий бүрийг анаж, өрсөлдөгчид нь үйлдэл болгонд хариу сандрах хүч юунд оршиж байна вэ.
Эсвэл Н.Энхбаяр хүчтэйдээ бус, энэ цагийн эрх баригчдын сул дорой нь хэтийдэв үү. Ардчилсан намынхан Н.Энхбаярыг “Авлигын загалмайлсан эцэг” хэмээн жигшиж, түүнээс л салбал чухам арван цагаан буяныхаа замаар хэзээ мөдгүй орчих мэт ярьцгаадаг байв. Гэтэл тэгсэнгүй.
Арван цагаан буяны зам мөр ч лөөлөө. Ардчилсан нам өөрөө АТГ-ын “судлагдахуун” болон хувирч, авлигаас болж амаараа шороо үмхсээр явна. Тэдэнд АТГ ч хэрэггүй, ардчилал хэрэгтэй эсэх нь бүр ч эргэлзээтэй болж байна. Одоо АН-ын цор ганц авралын бурхан Н.Энхбаяр болсон нь хувь заяаны шоглоом гэлтэй.
Н.Энхбаярын МАХН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөгчдийн нэрс тодроход МАН-ынхан элгээ хөштөл шоолцгоож байсан цаг саяхан. Гэтэл одоо байдал эсрэгээрээ. О.Баасанхүү, Ц.Баянсэлэнгэ нар МАН-ын сайд нарыг мөргөж орхилоо. Тэд Засгийн газрын гишүүнд нэр дэвшиж, төрийн яам толгойлон улс орны бүхэл бүтэн салбарыг удирдах гэж байна.
Амьдрал баян, улс төр бүр ч баян. Хүчтэй лидерийн дагагчид нь хүртэл томруулдаг шилэн дор өсөж бойжих шидтэй байдаг юм байна. Өрх тусгаарласан Н.Энхбаярын орон зайд түүний дайтай удирдагч МАН-д “төрсөнгүй”.
БУРХАНГҮЙ ГАЗАР БУГ Ч ГАЛЗУУРНА
Цагтаа цадиггүй том “хаан” явсан Н.Энхбаярт одоо юу ч байхгүйтэй адил. Тэр эрх чөлөө, эрүүл мэнд, эрх мэдэл, итгэл найдвараа гээсэн. Гомдсон, ядарч зүдэрсэн, магадгүй өс хонзондоо туйлширсан нэгэн ч байж мэднэ.
Төрийн тэргүүн биш, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч биш. Тэр ИЗНН-ын дарга С.Оюуны адил парламентад суудалтай нэг намын л тэргүүн. Үгүй ядаж Оюунаа шигээ өөрөө УИХ-д суух эрхгүй.
Гэхдээ эрх баригчид Н.Энхбаяртай түншлэхийн тулд сайн харилцаа тогтоох, түүнд таалагдаж, түүнтэй тохирч байж л урагшлах нь тодорхой болов. Улс төрийг ажиглахад төрийн гурван өндөрлөг өөрсдийнх нь хүсдэгчлэн өндөр байхаасаа өнгөрчээ.
Харин юу ч үгүй Н.Энхбаярыг чухам юу өндөр болгоод байна вэ? Монголд Ерөнхийлөгч байна, Ерөнхий сайд ч байна, УИХ-ын дарга нь ч байна. Парламентад суудалтай намын дарга нар, хувиараа ганцаарчлан тоглогчид гээд цөмөөрөө бүрэн бүрэлдэхүүнээрээ энх тунх байцгааж л байгаа.
Тус бүртээ фэнүүдтэй, тэд нь харамгүй лайк дарж, сэтгэгдэл бичихээс хэтрэхгүй. Гэвч үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх удирдагч алга. Улс төрд лидерийн орон зай онгорхой байгаа учраас Н.Энхбаяргүйгээр улстөрчид учраа олж чадахгүйд хүрчээ.
Н.Энхбаяр их улс төрөөс явснаас хойш олон нийт өөр хэн нэгнийг лидерийн дүрээр олж харахыг эрмэлзэх болсон нь анзаарагддаг. С.Баярыг анх МАХН-ын дарга болох үед нийгмийн хүлээлт байсан шиг яг тийм уур амьсгал АН-д ч давтагдсан.
Гэвч АН тэр орон зайд лидер гаргаж чадсангүй. АН засаг эмхэлснээс хойш гурван жилийн хугацаанд хоёр ч эвсэл байгуулж, Н.Алтанхуяг, З.Энхболд+Х.Баттулга, Ч.Сайханбилэг+Ц.Элбэгдорж гэсэн гурван том бүлэглэл Тавантолгойн тулгыг тойрч тоосоо манартал зодолдсоор хамаг тэнхээгээ барав.
Мөнгө, авлига нэвт ханхалсан энэ тэмцлээс болж АН-ын дотоодод урьд хожид байгаагүй том ан цав үүсчихээд байгаа билээ. Дотооддоо эв түнжингүй, гадааддаа тулхгүй, зангараггүй нь ч бага хэрэг бололтой.
Хамгийн гол нь АН-ын фракцуудын хувьд дотроосоо сайд дэвшүүлж “хоолонд орох” л чухал. Олбог суудлаар өлсөөд ухаанаа алдчихсан юм шиг авирлаж байгаа тэдний дэргэд урилга зарлагаар нь тусалж дэмжихээр бууж буй Н.Энхбаяр “тэнгэрийн амьтан” мэт өндрөөс өндөрт харагдах нь зүйн хэрэг юм.
АН-ын сул дорой байдал Н.Энхбаярын хөдөлгөөн бүрийг мэх болгож байна. Н.Энхбаяр хүчтэй, нэр нөлөөтэй байх гэж тэгтлээ хичээсэнгүй. Монголд болж буй эдийн засгийн хямрал, улс төрийн тэмцэл, олигархиудын увайгүй явдалд хутгалдсан АН-ын арчаагүй явдлаас хол байсан нь л түүнд хүссэн бүхнийг нь авчирлаа.
Өдөр бүр улстөрчдийн тухай өөдгүй мэдээллээр амьсгалж залхсан монголчуудын нүдэнд Н.Энхбаяр тэс өөр хүн мэт, сэвэлзсэн салхи, шинэлэг уур амьсгалыг дагуулаад ирэх юм шиг л санагдана. “Тусална” гэлээ шүү дээ.
Нээрэн тэр л ганцхан чадах байх гэсэн ард түмний найдварыг өөртөө соронздоно. Гадаадад амьдарч, холын хүн болж нутагтаа ирнэ гэдэг нь гэмгүй ариун явдал мэт харагдах болов. Энэ бол үнэндээ Монголын улс төр хэчнээн явцуу, лидер нэртэй хэд нь ямар үхээнц гэдгийн бодит дүр төрх биш гэж үү.
Бурхангүй газар буг ч галзуурдаг шүү дээ. Н.Энхбаярын үг, үйлдэлд баригдаж байгаа нь түүний ов мэх, арга саам огт биш.
Б.ЭНХЦЭЦЭГ