“Эрдэнэс Тавантолгой” баруун Цанхийн уурхайгаасаа өдөрт 13-15 мянган тонн нүүрс ачуулж байна
Манай Тавантолгойн орд нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог гэж бид сайрхах дуртай. Баялаг үнэтэй, хүний сонирхлыг татдаг байхдаа сайрхах сэтгэгдэл төрүүлдэг аж. Одоо Тавантолгойд сайрхаад байх зүйл бараг үгүй болжээ.
Коксжих нүүрсний үнэ унаж, худалдан авагчид зорьж ирэхээ больсон учраас Тавантолгойн өнгө гундуу байна. Тэндээс нүүрс олборлож, экспортолдог гурван компани бий.
Тэдний нэг нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, хоёр нь чадан ядан ажиллаж байна. “Энержи ресурс” компани үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод уджээ. Уурхайн амнаас нүүрс тээвэрлэдэг хүнд даацын машинууд нь музейн үзмэр мэт эгнэн зогсоно.
Мэдээж хэдэн сая долларын үнэтэй, хүчит техникүүдийг үзвэр мэт тавьж, олны нүд хужирлах гэж биш, дэлхийн зах зээлд нүүрсээ борлуулж чамгүй ашиг олох зорилгоор худалдаж авсан нь ойлгомжтой.
“Энержи ресурс”-ийн толгой компани ММС Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа худалдаж, Монголын анхны төсөл олон улсын зах зээлд хөл тавьж байв.
Одоо уруудсаар 0.24 хонконг доллартай тэнцэв. Ханш нь дөч дахин унажээ. Үйл ажиллагаа нь “тэг”-ийг заасан нь бүр ч харамсалтай. “Жижиг” гэж нэрлэдэг орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн үйл ажиллагаа бараг зогсохдоо тулжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж “100 хувь сул зогсолт хийчихэлгүй дөнгөн данган ажиллаж байна” гэж ярьсан юм. Тэднийхээс хоёрхон компани нүүрс худалдаж авч байгаа гэнэ. Уурхайн амнаас борлуулалт хийдэг тус компани нүүрснийхээ үнийг хоёр ч удаа бууруулж, 29 ам.доллар болгожээ.
Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Р.Зоригтбаатар нь “Үнээ үүнээс доош бууруулах боломжгүй. Тэгвэл алдагдалд орно” гэв. Уг нь энэ компани 2011 онд тонн нүүрсийг 38 ам.доллараар борлуулж байсан юм.
Тухайн үед Монголын хөрөнгийн биржид нэгж хувьцааных нь ханш 1.4 сая төгрөгийн үнэд хүрч, олны нүдийг оройд нь гаргаж байв.
Тавантолгойн ордоос нүүрс олборлож буй гурван компаниас арай дөнгүүр нь “Эрдэнэс Тавантолгой”. Тэднийх баруун Цанхийн уурхайгаасаа өдөрт 13-15 мянган тонн нүүрс ачуулж, олборлолтоо тасралтгүй үргэлжлүүлж байна.
Оргил үедээ өдөрт 60 мянган тонн нүүрс ачуулдаг гэнэ. Энэ уурхай хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа аж. Учир нь зүүн Цанхийн ордоос нүүрс олборлох гэрээтэй Австралийн “Макмохан” компанитай маргаан үүсгэж, цаадах нь ажлаа зогсоожээ.
“Макмохан” нэг тонн нүүрсийг 40 орчим ам.доллараар олборлох гэрээтэй. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” баруун Цанхийн уурхайгаасаа тонн нүүрсийг 25-31 ам.доллараар борлуулж байгаа юмсанж.

Нүүрсний үнэ унасан үед тэднийд өндөр хөлс төлж чадахгүйгээ “Эрдэнэс Тавантолгой”-нхон мэдэгдсэн. Ингээд үйлчилгээний хөлсөө бууруулах хэлэлцээр хийж байгаа гэнэ. “Монгол уурхайчин” нэгдэлтэй нэг шоо метр уулын цулыг олборлох зардлаа хямд тохирч чадсан учраас л баруун Цанхийн уурхайн нүүрснийхээ үнийг ийн бууруулсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани үе үеийн улстөрчдийн хэрүүлийн алим болдог учраас санхүүгийн нөхцөл байдлыг нь монголчууд сайн мэддэг. Эднийхийг “Чалко” компани, Монгол Улсын Хөгжлийн банк зэрэг газарт 800 тэрбум орчим төгрөгийн өртэй гэж М.Энхсайхан сайд мэдэгдсэнийг санаж байгаа биз.
Нүүрсээ өчүүхэн ашиг харж борлуулж буй энэ компани өрөө төлж чадах болов уу. Зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсээрээ Хятадын “Чалко” компанид тавьсан өрөө төлж байсан. Одоо “Чалко”-д нүүрс нийлүүлэхгүй байгаа.
Өрийн үлдэгдэл 140 сая ам.долларт хүрээд гацжээ. Хятадууд нүүрснийхээ үнийг хямдруулах санал тавьсаар байгаа гэнэ. Дахиад хямдруулах боломж бий юү? Нүүрсний үнэ дахиад таван ам.доллараар буурвал Тавантолгойн ордын үйл ажиллагаа бүр мөсөн зогсох нь бололтой.
Одоо ч үйл ажиллагаа хумигдсан нь нүдэнд ил байна. Машин техник хөлхөлдөж, энд тэндгүй ажил оволзож асан дүр зураг ажин түжин байдлаар солигджээ. Нүүрс үнэд хүрч, Тавантолгойн орд моодонд орж байх цаг буюу 2011 онд ахиу цалин хөлс авч, амьдралаа сайжруулах зорилготой залуус тийш зүглэдэг байв.
Монгол Улс тэр жил 21 сая тонн нүүрс экспортолж байсан гэхээр их ажил ундарсан нь ойлгогдоно. Харин энэ жил манай улс 10 сая тонн нүүрс экспортолж чадах болов уу, яах бол гэж тээнэгэлзэж байна.
“Хятадууд өнгөрсөн жил 62 сая тонн коксжих нүүрс гадаадаас худалдаж авсан. Энэ жил 50 саяыг авах болов уу” гэсэн таамаглалыг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг дэвшүүлэв.
Нүүрс нийлүүлдэг ганц зах зээл маань хумигдсаар л байна. Эрэлт буурахаар үнэ хямдардаг эдийн засгийн хуультай. Нүүрсний үнэ улам хямдрахгүй гэх баталгаа алга. Эдийн засгийг тэтгэж явсан компаниуд хойш татаж мэдэх нь.
Тавантолгойд үйл ажиллагаа явуулж буй компаниуд яггүй сорилттой тулгарах нь тодорхой. Тавантолгойн ордын олборлолтын зардал хямд. Тиймээс ч “үнийн хямрал”-ыг өдий болтол тэсэж байна.
Хэрвээ олборлолтын зардал өндөр, хөрс их хуулсан бол тэнд ажиллаж байсан компаниуд аль хэдийнэ ажлаа зогсоочихсон байх биз. Олборлолтын зардал багатай ч Тавантолгойн орд дэд бүтэц султай. Өөрөөр хэлбэл, тээврийн зардал өндөр.
Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэл төмөр зам тавьчихвал 10 ам.долларын хэмнэлт гарна. Төмөр замтай байсан бол Тавантолгойн ордод ажил оволзож, улс нийгэмдээ үр ашгаа өгч байх байсан биз.
Төмөр замтай байсан бол нүүрснийхээ үнийг таван ам.доллараа хямдруулсан ч айх зүйлгүй байлаа. “Энержи ресурс” компани 2011 онд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замыг тавих концессын гэрээг Засгийн газартай байгуулсан ч улс төрийн бүлэглэлийн таалалд нийцээгүй учраас цуцалсан.
“Энержи ресурс” компанийн тэргүүлсэн консорциум энэ жил Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах тендерт ялж, төмөр зам тавихаар болсон ч дахиад улс төрийн саадтай тулгарлаа.
Төмөр зам тавих ажлыг 2011 онд эхлүүлсэн бол одоо ашиглаж байх байлаа. Тавантолгой гунигтай байна. Өнгөрсөн цагт үлдсэн боломжуудыг нь нэхэн санахад бүр ч гунигтай.
Т.ЭНХБАТ