АНУ, Өмнөд Солонгосын хамтран хийж буй цэргийн сургуулилалт энэ сарын 28 хүртэл үргэлжлэх юм. Үүнийг тус бүс нутагт хийх дайны бэлтгэл гэж Умард Солонгост үзэж, түүний эсрэг хариу арга хэмжээ авахыг ч үгүйсгэхгүй байна.
Ийм сургуулилалтыг АНУ, Өмнөд Солонгос энэ онд л гэхэд гуравдахиа хийж буй юм. Түүнд Франц, Дани, Их Британи, Канад, Автсрали, Шинэ Зеланд болон Колумбын цэргийн алба хаагчид оролцож байна.
Бусад орноос хэчнээн хүн оролцож буйг нууцалж буй юм байна. Энэхүү сургуулилалт нь тогтмол чанартай бөгөөд Солонгосын хойгт тогтвортой байдал бий болгоход чиглэж буй гэж Америкийн командлал үзэж байна.
Түүнийг олон сарын өмнөөс төлөвлөсөн, ямар нэг үйл явдалтай уялдуулалгүй зохион байгуулж байгаа гэнэ. АНУ-ыг Өмнөд Солонгост ийм үйл ажиллагаа зохион байгуулах тоолонд Умард Солонгос байлдааны чадавхиа нэмэгдүүлж, шинэ зэвсэг бий болгож, туршдаг зуршилтай болоод байгаа.
Өөрөөр хэлбэл, тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх гэсэн сургуулилалт маань харин ч нөхцөл байдлыг түвэгтэй болгож орхидог гэсэн үг. Гэхдээ нөхцөл байдал түвэгтэй болох тусам “Умард Солонгосын аюул заналаас өмгөөлж хамгаалах” АНУ-ын зэвсгийг Өмнөд Солонгос болон бусад холбоотондоо борлуулахад хялбар болдог юм.
АНУ, Өмнөд Солонгос хоёр улс орноо хамтран батлан хамгаалах тухай 1951 оны аравдугаар сарын 15-ны Гэрээн дээр үндэслэн ийм сургуулилалт хийж буй. Яриа хэлэлцээр хийж байх үед сургуулилалт хийхээ болихыг Умард Солонгос шаардахад тэр нь Вашингтонд ашигтай байвал АНУ хүлээж авдаг байсан цаг бий ч одоо Пхеньяны үгийг хайхрахаа больжээ.
Умард Солонгосын эрх мэдлийн дээд байгууллага болоод буй хэмээн үзэж болох Батлан хамгаалах хороо энэ сургуулилалтаа зогсоохгүй бол цэргийн сөрөг арга хэмжээ авна гэдгээ урьдчилан анхааруулсан байна.
Харин “Манай улс бол довтлох, батлан хамгаалах орчин цагийн, өнөөгийн ертөнцөд үзэгдээгүй хэрэгсэлтэй, тэр дундаа цөмийн зэвсэгтэй, ялагдашгүй, хүчирхэг гүрэн. Сургуулилалт чинь эрчимтэй байх тусам бидний авах сөрөг арга хэмжээ төдий чинээ хүчтэй байх болно” гэж Батлан хамгаалах хорооны мэдэгдэлд өгүүлжээ.
Умард Солонгосын арми, ард түмэн Америкийн цөмийн зэвсгийг жирийн винтовтой сөрөн зогсож байсан тэр үе өнгөрсөн гэж бас мэдэгдэж байна.
Пхеньянд ханддаг улирч баларсан дайсагнасан байдлаасаа татгалзсан улс төрийн шийдвэр гаргахыг АНУ-аас хүлээж байна. Тэгвэл бид ч өөрийн зүгээс хариу арга хэмжээ авахаа болино гэсэн санаа уг мэдэгдэлд нэвт шингэжээ.
Р.ЖАРГАЛАНТ