Нийслэлийн боловсролын газраас өнөөдөр нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн ажил эхлэх гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. Тус хурлын үеэр Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн З.Болормаагийн мэдээлснээр 2015-2016 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, төрийн өмчийн бус 399, нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байгаа юм байна. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 116570 хүүхэд байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тооны өсөлт нь хамрагдалтын хувийн өсөлттэй шууд хамааралтай аж. Тиймээс нийслэлд нийт 152 хороо байгаагаас 33 нь буюу 21.7 хувь нь цэцэрлэггүй байгаа юм байна.
Мөн түүнчлэн элсүүлэх үйл ажиллагаа энэ сарын 24-28-ны өдрүүдэд болох ба шаардлагатай цэцэрлэгүүдэд "Элсэлтийн тасалбар" үйл ажиллагааны хувилбараар элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах аж. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.
-Цэцэрлэгийн элсэлтийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө буюу өнгөрсөн сарын сүүлээс эхлэн эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа дугаарлаж хонож байна гэх яриа олон нийтийн дунд тархсан. Энэ талаар?
-Жилээс жилд эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж хонож өнждөг, эсвэл хонож чадахгүй байгаа эцэг эхчүүдээс мөнгө авдаг гэх ашиг сонирхлын зөрчил гардаг. Эцэст нь эцэг эхчүүд өөрсдөө дараалал үүсгэчихээд тэрхүү дарааллыг цэцэрлэгийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулдаг комисст тулгадаг. Тиймээс энэхүү зөрчлийг арилгахын төлөө шаардлагатай арга хэмжээг авч байгаа. Тухайлбал, "Элсэлтийн тасалбар" үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд дараалал үүсгэх шаардлагагүй. Үнэхээр зав чөлөөгүй ажилладаг, хөдөө орон нутагт байдаг эцэг эхчүүдийн хувьд дугаарлахын оронд элсэлтийн комисстой уулзаад, хүүхдээ бүртгүүлэх боломжтой.
-Цэцэрлэгт бүртгүүлж чадаагүй хүүхдүүдийн хувьд ямар арга хэмжээ авах вэ?
-Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хүчин чадлыг хоёр дахин нэмж байгаа. 20 гаруй хүүхэд хичээллүүлэх боломжтой ангид 30-40 хүүхдийг элсүүлж байгаа. Тиймээс цэцэрлэгүүдийн хүчин чадлыг дээд цэгт нь хүртэл ажиллуулахад цаана нь бүртгүүлж чадаагүй олон хүүхэд үлддэг. Үүнийг шийдэх ямар ч арга байхгүй. Харин ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжиж эхэлснээр бүртгүүлж чадаагүй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжтой гэж үзэж байна. Мөн Нийслэлийн боловсролын газраас сургуулийн өмнөх насны буюу таван насны хүүхдүүдийг хувилбарт сургалт болон бусад үйл ажиллагаанд хамруулдаг. Өөрөөр хэлбэл, таван насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг гэж ойлгож болно.
-Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэр их өөрчлөгдөж байгаа вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн хувьд сургалтын хөтөлбөрүүд үе шаттайгаар өөрчлөгдөж байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдийг өөрчлөх үйл ажиллагаа маш амжилттай хэрэгжсэн учир энэ жил бага ангийн сурагчдын сурах бичиг өөрчлөгдөхгүй. Харин дунд ангийн хүүхдүүдийн сургалтын цөм хөтөлбөр шинээр гарч байгаа. Үүнийгээ дагаад "Багшийн ном" гэж гарч байгаа юм. Тэгээд ирэх жил ахлах ангийн сурагчдын хөтөлбөр шинэчлэгдэх юм.