Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн тахилгын ёслол үйлдэх тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх тахилгын ёслолын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайн нурууны Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан уулын тэнгэрийг ирэх аравдугаар сарын 7 буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр тайхаар төлөвлөжээ. Тахилгын ёслолыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга хариуцах бөгөөд төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журмын дагуу зохион байгуулна. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дээрх хуваарийн дагуу зохион байгуулахаар шийдвэрлэлээ.