"Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөн болон "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас Өршөөлийн хууль болоод Эдийн засгийн ил тод байдлын хуулийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, тэд УИХ, улс төрийн намын УИХ дахь бүлгүүд, УИХ-ын гишүүд нь Хууль тогтоох эрх мэдлээ ашиглан улс төрийн хуйвалдаан зохион байгуулж нийгмийн нийт гишүүдийн эрх ашгийг хөсөр хаяж цөөхөн хувийн ашиг сонирхол хайгчдын эрх ашигт илтэд үйлчилсэн үйл ажиллагаа явуулж байгааг эрс эсэргүүцэж байгаа аж. Энэ талаар Хүсэл зорилгоо нэгтгэе үндэсний хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалтаас цөөн асуултад хариулт авлаа.
-Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулна гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Юуны өмнө бид тайван замаар эсэргүүцэл зарлана. Тэрийг УИХ-ын ээлжит бус чуулган зарлахаар зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ суулт зарлах уу, жагсаал хийх үү гэдгээ хараахан шийдээгүй байна. Тиймээс юуны өмнө олон нийтийн санал асуулга явуулна. Түүгээр олон нийт дэмжсэн үү үгүй юу, хэр их судалгаа шинжилгээ, баримтан дээр тулгуурлаж уг шийдвэрийг гаргаад УИХ-аар баталсан бэ гэдгийг эхлээд судалж үзнэ. Бас Өршөөлийн хуульд ямар хүмүүс хамрагдах гэж байгаа, тэдгээр хүмүүс буруугаа ухамсарласан уу үгүй юу, бусдад учруулсан хохирлоо барагдуулсан эсэхийг нь тооцох учиртай. Тэгснийхээ дараа ямар арга хэмжээ авахаа шийднэ дээ. УИХ-ын 76 гишүүний хувьд уг асуудлыг хаалттай хэлэлцсэн. Юуг тэгтлээ нууцалсныг, ард түмнээсээ нуух ямар зүйл байгаа вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
-Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахын тулд эхлээд тодорхой шаардлага хүргүүлсэн байх хэрэгтэй. Та бүхэн шаардлагаа хүргүүлсэн үү?
-Дээрх хуулиудыг хэрэгжүүлнэ гэдэг бол "гэмт хэрэг" юм. Хэдийгээр хууль батлаад байгаа юм шиг боловч түүний агуулга, шаардлага нь цөөн хэдэн хүний эрх ашигт тулгуурласан байгаа. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох эрх мэдлийг УИХ-ын 76 гишүүн нэг хүний тусын тулд үйлчлүүлж байгаа хэрэг юм. Уг нь хууль тогтоомж бол Монгол Улсын нийт хүн амын эрх ашигт нийцсэн байх учиртай. Дээрээс нь Монголын ард иргэдийг гэмт хэрэг үйлдэж амьдрахыг уриалан дуудсан шинжтэй хэрэг юм. Энэ утгаараа бид үүнийг маш ноцтой үйлдэл гэж бодож байгаа.
-Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлснээр 3000 орчим хүн суллагдана гэсэн тооцоо гарсан гэсэн. Энэ талаар?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхийн хэлснээр 98 тэрбум төгрөгийн хохирол үүссэн гэж ярьж байсан. Уг хуулиар 3000 хүн суллагдаж гарна. Үүний цаана шууд болон шууд бусаар хохирсон олон хүн бий. Тэр хүмүүсийн нийт хохирлын хэмжээг аваад үзэхэд маш их тоо гарна. Дээрээс нь бид гэмт хэрэггүй нийгэмд амьдрахыг хүсдэг. Хууль нь өөрөө чанга байж байж хүмүүс гэмт хэрэг үйлдэхээс татгалзах ёстой. Гэтэл өнөөдөр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг бага хугацааны давтамжтайгаар улс төрийн ашиг сонирхлын үүднээс суллаад байвал жирийн иргэд хохирч үлдэнэ. Нэмж хэлэхэд УИХ-ын 76 гишүүн бол Монголын ард түмний төлөөлөл биш.