Архатик иога болон энерги эмчилгээний орчин үеийн аргыг үндэслэгч их мастер Чоа Кок Сүйгийн праник эмчилгээний анхан шатны хичээлийг Монголд анх удаа заах гэж байна. Уг эмчилгээ нь дэлхийн 90 гаруй оронд түгэн дэлгэрч, улмаар анагаах ухаантай хослуулан хэрэглэснээр илүү үр дүнд хүрэх болжээ. Энэхүү анхан шатны сургалтыг дэлхийн есөн мастерын хоёр нь энд ирж, явуулах юм байна. Үүгээр иргэд 120 төрлийн хөнгөн хэлбэрийн өвчнийг эмчлэх аргачлалыг мэдэж авах боломжтой аж. Манайд ирэх гэж буй мастер Глэйн Мендоза, Мэрилэг Мендоза (гэр бүлийн хүмүүс)-г их мастер Чоа Кок Сүйгийн номыг орчуулсан монгол хүмүүс урьжээ. Тэд энергиэр эмчилдэг дээрх хоёр мастерийн гурван монгол шавийнх нь хоёр нь бөгөөд гэр бүлээрээ АНУ-д 1993 оноос хойш амьдарч байгаа аж.
Праник эмчилгээ нь хүний биеийн биоплазм онцлогийг ашиглах чадвар төдийгүй түүнийг цигун, оюун санааны, амьдралын энергийн, гараа тавих, соронзон эмчилгээ, итгэл үнэмшлээр эмчлэх гэх мэт олон янзаар нэрлэдэг гэнэ. Ирэх сарын 5, 6-ны амралтын өдрүүдэд болох дээрх сургалтаар хүний биеийн энергийн ерөнхий ойлголт, энерги хэрхэн мэдрэх, аура, хүрднүүдийн үүрэг, тэдгээрийг өвчнөөс ангижруулах ба энергижүүлэх, хөнгөн өвчин хэрхэн эмчлэхийг заахаас гадна зайнаас эмчлэх арга барил, хос зүрхний бясалгал, гэгээрэхүй болон амьсгалын дасгалуудын техникүүдээс иргэд сурах боломжтой аж.