Нийслэлийн Засаг дарга А/643 дугаар захирамж гаргаж, дотор, уламжлалт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн өвчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мария” эмнэлэг, бариа засал, сэргээн засахын үйлчилгээ үзүүлдэг “Сэтгэшгүй” сувилалын тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлсэн. Энэ нь мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг даалгавар, зөрчлүүдээ арилгатал үйл ажиллагааг нь тодорхой хугацаанд зогсоосон гэсэн үг. Гэтэл Баянгол дүүрэг V хороо, X хороололд байрлалтай “Мария” эмнэлгийнхэн зар сурталчилгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдын адил явуулж, үйлчилгээгээ жирийн үзүүлж буй мэтээр ард иргэдэд сурталчилсан хэвээр. Түүгээр ч барахгүй үйлчлүүлэгчдээ хүлээн авч, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсээр байна. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Хулангаас тодруулахад “Тус эмнэлгийн тусгай зөвшөөрлийг тодорхойгүй хугацаагаар цуцалсан гэж хэлж болно. Харин “Сэтгэшгүй” сувиллын газрыг бүрмөсөн хаасан. Эрүүл мэндийн байгууллагууд бидний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлснийх нь дараа тусгай зөвшөөрөл олгох, эсэхийг нь хурлаар шийддэг. Ийм хэлэлцүүлэг сард хэдэн ч удаа явуулдаг. Хэрвээ зөрчлөө арилгаагүй байвал тусгай зөвшөөрөл олгох дараагийн хуралд оролцуулна. Одоогоор тэд үйл ажиллагаа явуулах эрхгүй. Бидний зүгээс үйлчилгээг нь түр хаасан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар үүн дээр хяналт тавих ёстой” гэлээ. Энэ дагуу тус газрынхнаас лавлах гэсэн боловч Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга нь гадаад явсан, байцаагч нь хөдөө явсан гэх шалтгаанаар мэдээлэл өгсөнгүй.