Г.Доржпалам: Цахим картгүй бол ирэх сарын 1-нээс 1000 төгрөгөөр зорчино
Нийслэлийн Тээврийн газраас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл өгөв. Энэ үеэр тус газрын Зорчигч тээвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпаламаас сэтгүүлчид дараах асуултуудыг асуулаа.
-Угсраа автобус дундуураа салж, хүн гэмтсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулахгүй юу?
-Энэ бол ташаа мэдээлэл. Замаас болж угсраа автобусанд бага зэрэг саатал учирснаас биш салсан юм байхгүй. Замын нэгдүгээр эгнээнд байрлах борооны ус зайлуулах шүүрэн таг боолтгүй байсан юм билээ. Түүн дээгүүр угсраа автобус гарахдаа дунд талын дугуй нь хазайж, залгаас хэсэг нь дээш өргөгдсөн. Үүний улмаас нэг зорчигч эмнэлэгт хүргэгдсэн ч гэмтэж бэртээгүй байна гэсэн.
-Зарим автобус “Том хүн 1000 төгрөг” гэсэн бичигтэй явж байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Офицеруудын ордноос Таван шарын уулзварын хооронд 20 гаруй чиглэлийн 350 орчим автобус үйлчилдэг байсныг 11 чиглэлд 210 автобус болгож, давхацлыг нь багасгасан. Чиглэлийг богино болгосноор хүмүүст дамжин суухад хүндрэлтэй байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь аль болох хурдан шуурхай үйлчлэх, түгжрэлийг бууруулахын тулд гаргасан төлөвлөгөө. Иргэд бүгд картаар зорчдог болчихвол хоёр дахь сэлгэн суултыг зохицуулах юм. Одоо зорчигчдын 14-15 хувь нь картаар, үлдсэн нь бэлэн мөнгөөр төлбөрөө төлж байна. Иргэдээ чирэгдүүлж, 500-гаар явдаг байсныг 1000 төгрөг болгоогүй.
-Цахим карт авахгүй бол 1000 төгрөгөөр зорчуулна гэдэг үнэн үү?
-Тийм. Есдүгээр сарын 1-нээс бэлэн мөнгөөр үйлчлүүлж буй тохиолдолд 1000 төгрөг төлөхөөр гэрээнд тусгасан. Тэр болтол 500 төгрөгөөр зорчино. Тиймээс ирэх сарын 1-нээс өмнө карттай болох хэрэгтэй. Ингэж цахим системд шилжүүлснээр тооцоо, судалгаа, мэдээлэлтэй болж, үүнд үндэслэн иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ.
-Иргэд 3600 төгрөгөөр карт аваад бас цэнэглэх бүртээ шимтгэл төлж байгаа учраас бэлэн мөнгөөр үйлчлүүлэхийг илүүд үзэж байгаа.
-Зорчигчдыг карт авахуулах үүднээс шимтгэлгүй болгож өгөөч гэж “Улаанбаатар смарт карт” компанид санал тавьсан.
-Нийтийн тээврийн жолооч, кондукторуудын мөнгө хулгайлсан хэрэг юу болж байна?
-Хуулийн дагуу торгууль оногдуулна. Одоогоор 7-8 тохиолдол илэрсэн.
Ч.Болортуяа