Японы үндэсний төлбөрийн картын томоохон компани JCB Монголд карт нэвтрүүлэхээр болжээ. Монголын зах зээлд Японы картын компани орж ирж буй анхны тохиолдол нь энэ боллоо.
Тус компани Монголын Төв банктай энэ талаар хэдийнэ тохиролцсон хэмээн “Нихон кэйзай шимбүн” сонин мэдээлэв.
Ингэснээр Монголын банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээнд нэгдсэн Төв банк, арилжааны 13 банк JCB нэрийн карт гаргаж болохоор болж байгаа юм.
JCB компани үүнээс гадна дебит карт ч гаргахаар зэхэж байна. JCB картын байнгын хэрэглэгчид болох Япон, Өмнөд Солонгос, Хятад, ОХУд аялах монголчуудын тоо нэмэгдэж байгаа нь ийнхүү Монголд карт гаргах эхлэл болжээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ