Засгийн газар 2014 оны 239 дүгээр тогтоолоороо ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая гектар талбайд олгохоор шийдвэрлэсэн.
Үүний 32.5 хувь буюу 10.15 сая гектарыг сонгон шалгаруулалтын журмаар, 67.5 хувь буюу 20.94 сая гектарыг өргөдөлд үндэслэн олгох юм.
Ашигт малтмалын газар энэ оны нэгдүгээр сарын 26-наас эхлэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу уртрагийн 104 градусаас баруун тийш орших нийт есөн сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгжүүдээс өргөдөл хүлээн авч, шийдвэрлэж байгаа юм.
Тус байгууллага өнгөрсөн хугацаанд цахим хэлбэрээр 23 удаа 2235 дугаар олгон, 1094 өргөдөл бүртгэн авснаас өчигдрийн байдлаар 452-т нь тусгай зөвшөөрөл олгожээ.
Энэ нь нийт олгох талбайн 28.33 хувь буюу 2.55 сая гектар талбай эзэлж байгаа аж. Одоо уртрагийн 104 градусаас зүүн тийш орших 11.94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээж авна.
Өргөдөл хүлээн авах дугаарыг энэ сарын 24-ний даваа гаригаас цахимаар олгохоор болсноо Ашигт малтмалын газраас өчигдөр мэдээллээ.
Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн нийт 1138 аж ахуйн нэгж байгаагийн 873 нь VPN төхөөрөмж авч, цахим хэлбэрээр өргөдлийн дугаар авахаар бүртгүүлж буй гэнэ.
Бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 1076 нь дотоодынх бол 12 нь хамтарсан, 50 нь гадаадын хөрөнгө оруулалттай юм байна.
Б.БАЙГАЛ