Чөлөөлөх дайнд ялсны 70 жилийн ойг өнөөдөр Сүхбаатар, энэ сарын 21-нд Дорноговь аймагт тэмдэглэнэ. Эдгээр аймаг Монгол, Зөвлөлтийн цэргийн гол түшиц газар болсон тул Батлан хамгаалахын сайдын тушаалаар Чөлөөлөх дайны 70 жилийн ойн арга хэмжээг энд тэмдэглэхээр шийдвэрлэжээ.
1945 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Наран, Дарьганга суманд байрлаж байгаад дайнд мордсон Монгол, Зөвлөлтийн морьт механикжуулсан таван ангийн дайчин тугийн дор сүхбаатарчууд өнөөдөр Чөлөөлөх дайны ялалтын баяраа тэмдэглэж байна.
Баруун-Урт сумын төв дэх Сүхбаатарын талбайд баярын нээлттэй. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд энэ үеэр ёслолын жагсаалаар алхаж, 084 дүгээр анги шүхрээр буун, гардан тулааны үзүүлэх тоглолт хийхээс гадна ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолттой.
Тэгвэл аймгийн Хөгжимт драмын театрт “Бид ялав” үзэсгэлэн гаргаж, баярын хурал хийн, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид тоглолтоо толилуулна. Харин маргааш Баяндэлгэр сумын Хонгор багийн нутаг Үхэр уяа хэмээх газарт Монгол, Зөвлөлтийн дайчдад зориулсан гэрэлт хөшөө босгох юм байна.
Энд 1936-1945 онд Байшинтын долдугаар дивиз байрлаж байсан аж. Эдгээр арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нарын удирдах бүрэлдэхүүн, ахмад дайчид, орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын бие бүрэлдэхүүн оролцох юм.
Бидний ялалтын их баяр энэ сарын 28-нд нийслэлд үргэлжилнэ. Ирэх есдүгээр сарын 3-нд Тян Ань Миний талбайд зохион байгуулах БНХАУ-ын цэргийн парадад оролцох гадаадын цэргүүд Бээжинд цуглан, бэлтгэлээ хийж эхэллээ.
Манай улсын цэргүүд гурав хоногийн өмнө Бээжинг зорьсон бол Казахстаны 100 гаруй цэрэг уржигдар тийшээ явжээ. Оросын 85 цэрэг өчигдөр, Тажикистан, Киргызстаны цэргүүд өнгөрсөн ням гаригт Бээжинд очсон байна.
Аравдугаар сарын 1-нд болдог үндэсний өдрөө тохиолдуулан, 10 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг цэргийн параддаа БНХАУ гадаадын цэргүүдийг анх удаа урьсан нь энэ юм. Японы түрэмгийлэгчдээс Хятадын ард түмнийг чөлөөлсөн 1945 оны дайны ялалтын түүхт 70 жилийн ойг Монгол, Хятад, Орос улс өнөө жил тэмдэглэж буй.
Монгол тусгаар тогтносон улсын хувьд энэ дайнд оролцсоноор дэлхийн тавцанд олон улсын харилцааны эрх зүйн нэгэн субъект болохоо харуулж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан, улс төрийн өндөр ач холбогдолтой, түүхэн үйл явдал болсон юм.
Дэлхийн II дайны төгсгөл болсон, Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгасан 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсоноор Монгол дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулсан.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий нийтэд дахин баталгаажуулахад түлхэц болсон энэ дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх нь монголчуудын хувьд түүхэн ач холбогдолтой үйл явдал билээ.
Б.БАЯСАЛМАА