Нийслэлийн Боловсролын газраас өчигдөр цэцэрлэгийн бүртгэлийн талаар мэдээллээ. Энэ жил нийслэл дэх 2-5 насны хүүхдийн 78.6 хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой аж. Өнгөрсөн жил 78.4 хувьтай байжээ.
2015-2016 оны хичээлийн жилд 91.687 хүүхдийг төр, хувийн өмчийн нийт 632 цэцэрлэгт элсүүлнэ. Үүний 233 нь төрийн өмчийнх бөгөөд хичээлийн шинэ жилийн эхэнд 32, энэ ондоо багтааж ашиглалтад оруулах 11 шинэ барилга, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, өргөтгөлийг нэмснээр энэ тоо гарч байгаа гэнэ.
Бүртгэлийг энэ сарын 24-28-нд ажлын цагаар явуулах аж. Уг ажлыг тухайн цэцэрлэг, дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгуулах юм. Зарим цэцэрлэгийн үүдэнд эцэг эхчүүд бүртгүүлэх дараалал үүсгээд эхэлчихсэн гэнэ.
Тэдний олонх нь зохиомол дараалал үүсгэж, түүнийгээ худалдан, аав ээжүүдэд хүндрэл учруулдаг. Тиймээс нийслэлийн Боловсролын газраас бүртгэлдээ “Элсэлтийн тасалбар” ашиглахыг цэцэрлэгүүдэд зөвлөжээ.
Дараалал их үүсдэг цэцэрлэг нийслэлд 63 байдгаас энэ жил 50-д нь тасалбар тараах санал хүргүүлсэн байна. Энэ нь тухайн дүүргээс хамран сургах тойрогтоо байгаа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүртгэж, бүгдэд нь дугаар олгох үйл ажиллагаа аж.
Цэцэрлэгийн насны бүх хүн дараалал харгалзахгүй дугаар авах эрхтэй. Харин тэдний дунд хэрхэн шалгаруулалт явуулахыг тухайн цэцэрлэг, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд багтсан ажлын хэсэг шийдэх гэнэ.
Мөн тухайн цэцэрлэг тасалбар тараах хувилбарыг ашиглах уу, эсвэл дахиад л дараалал үүсгэх үү гэдгээ өөрсдөө шийдэх аж. Нийслэлийн Боловсролын газар цахим хуудсаараа дамжуулан цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллага, иргэдэд зөвлөөд буй.
Эцэг эхчүүд уг зөвлөмжийн дагуу бэлтгэлээ базаах ёстой. Хүүхэд бүрийг эмнэлгийн шинжилгээнд хамруулдгийг энэ жилээс зогсоож, цэцэрлэгт элсэх нь тодорхой болсон хүүхдүүд л шинжилгээ өгөхөөр зохицуулсан байна.
Дашрамд дурдахад, энэ жил Багануур дүүрэгт 280, 100 хүүхдийн хоёр шинэ цэцэрлэгт ашиглалтад оруулснаар тус дүүрэг дэх сургуулийн өмнөх насны 2061 хүүхэд бүгд цэцэрлэгтэй болох юм.
Ч.ЗУЛ