Дүрэлзэн асах галаас дүүгээ авраад өөрөө маш хүнд түлэгдсэн хүүгийн талаар сонсоогүй хүн ховор биз ээ. Тэр хэдийнэ үндэсний баатар болсон. Халуун сэтгэлтэй ард түмнийхээ хүч дэмжлэгээр Г.Цэрэнтогтох хүү БНСУ-ын “Хангасү” эмнэлэгт эмчлүүлэн эх орондоо ирээд байна.
Манай сонины зургадугаар сарын 16-ны дугаарт “Найман сартай дүүгээ аварсан ахад тусалъя” гэсэн гарчигтай мэдээлэл гарсан билээ. Тэр цагаас олон зуун хүн хоёр хүүд сэтгэлийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн.
Наймхан сартай дүүгийнхээ амийг аварч, өөрөө 80 хувь түлэгдсэн, 16 настай Г.Цэрэнтогтох хүүд эрвийх дэрвийхээрээ тусалсны хүчээр өнөөдөр тэр хөл дээрээ бослоо. Үеийн залуус нь “Ахыг аваръя” хөдөлгөөн өрнүүлж, Монголд амьдарч буй өвөрмонголчуудаас эхлээд Солонгос дахь монголчууд хандивын тоглолт зохион байгуулсан билээ.
Нэгэн бяцхан хүү хүртэл төрсөн өдрийн бэлгэнд авсан 50 мянган төгрөгөө түүний эмчилгээнд зориулж байв. Г.Цэрэнтогтох ч мөн адил бусдад туслахыг хэрэндээ хичээж, эмчилгээнээсээ илүү гарсан эм тариа, боолт зэргээ уржигдар ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хандивласан юм.
Энэ үеэр Г.Цэрэнтогтох болон түүний ээж М.Болортуяатай ярилцлаа. Тэрбээр цочролын байдлаасаа бүрэн гарч чадаагүй, биеийн байдал нь одоогоор сул байгаа тул ээж нь зарим асуултад өмнөөс нь хариулсан юм.
-Олон түмнийхээ дэмжлэгээр хөл дээрээ бослоо шүү дээ. Эрүүл болоод эх орондоо ирэх ямар байна?
-Маш их баяртай байна. Надад тусалсан монголчууддаа бүгдэд нь баярлалаа. Солонгост ажиллаж, амьдарч байгаа монгол ах, эгч нар маань ээж бид хоёрыг элэгсэг дотноор хүлээн авч, хоол, цай зөөгөөд байнга эргэж ирж байсан.
-Эмнэлэгт хоёр сар гаруй хэвтлээ. Элэг, бөөр зэрэг дотор эрхтэндээ нөлөөлсөн учраас хагалгаа хийхэд хүндрэлтэй гэж солонгос эмч нар хэлсэн гэж байсан. Тэнд ямар эмчилгээ хийлгэсэн бэ?
Ээж М.Болортуяа: -Миний хүү маш өндөр халуурсан учраас дэмийрээд, ухаан санаа нь орж гараад байсан. Солонгост очсон хойноо ч элийрлийн байдалтай байлаа.
Хүү минь сувилагч руу хараад элдэв юм яриад байхаар нь хэл ойлголцохгүй тэрбээр орчуулагч дуудаж асуусан чинь эмээтэйгээ ярьж байгаа юм шиг яриад байсан гэсэн. Хэд хоног эмчилгээ хийлгээд гайгүй болсон.
“Хангасү” эмнэлгийн эмч нар хүүгийн минь баруун гуянаас арьс авч, хоёр мөр, тохой, хөлийн шагай зэрэг биеийн нугалардаг хэсэгт нөхсөн. Мөн хоёр гар хөлийн хэсэгт хиймэл арьс нөхөх хагалгаа хийсэн нь амжилттай болсон.
Нуруу цээжинд нь мэс хүргэлгүй өөрөөр нь нөхөн төлжүүлэх эмчилгээ хийж байна.
-Хэдий ухаан нь орон гаран байсан ч монголчуудыгаа тусалж дэмжиж буйг мэдэж байсан биз дээ. Энэ нь чамд сэтгэлийн дэм хайрласан болов уу?
Г.Цэрэнтогтох: -Тийм ээ. Найз нөхдөөс эхлээд ганц удаа ч уулзаж байгаагүй хүмүүс эмчилгээнд минь зориулж хандив өгч, намайг амьд үлдээхийг хүсэж байгаад нь туйлын их баярласан. Одоо ч гэсэн баярласнаа илэрхийлж чадахгүй байна.
-Монголдоо ирээд хэд хоночихлоо. Гадуур явахад хүмүүс чамайг таньж байна уу?
-Хүмүүс таниад ирж, “Сайн уу. Бие нь гайгүй болсон уу” гээд асуугаад байгаа. Энэ нь гоё ч гэсэн нэг талаар жаахан эвгүй. Өмнө нь ингэж олны анхааралд байж үзээгүй болохоор тэр юм уу даа.
-Уучлаарай, үүнийг асууж байгаад. Зургадугаар сарын 10. Танай гэрт гааз дэлбэрсэн өдөр. Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Тэр үед болсон явдлыг сайн санахгүй байгаа. Галын машин ирснийг л тод санаж байна. Ямар ч байсан дүүгээ л аврах ёстой гэсэн ганцхан бодол толгойд минь байсан. Маш их айсан ч гал руу гүйгээд орчихсон. Хайр айдсаас ч илүү хүчтэй юм билээ.
-Дүү нь гэртээ ганцаархнаа унтаж байсан гэсэн байх аа?
-Дүү бид хоёр хоёулаа унтаж байсан. Гэрээс маш хүчтэй дуу чимээ гарахыг манай хажуугийн айл сонссон гэсэн. Би тусламж гуйн гүйж гарсны дараа эргэн орж, унтаж байсан дүүгээ аварсан. Дүүгээ тэвэрч гараад л ухаан алдсан юм шиг байна лээ.
Төрсөн дүүгээ “шатаж” буйг мэдрэх ямар байсныг үгээр хэлшгүй. 16-хан насандаа ахадсан гэмээр шаналал, зовиур, өвдөлт бас аз, амьд явахын утга учрыг мэдэрсэн түүгээр дахин дахин бахархаж суулаа.
Үхэлтэй нүүр тулсан тэр өдрүүдийг Г.Цэрэнтогтох мартсан, эсвэл мартахыг хүсэж буй нь түүний ярианаас илэрхий.
Тиймээс ч тэр үү ээж нь “Тэр үеийн явдлыг дахин сөхөж яримааргүй байна” гээд хэсэг чимээгүй болцгоов.
-Та хоёр гэрт гал гарч, хүүхдүүд тань аюултай байдалд орсныг хэзээ мэдсэн бэ?
М.Болортуяа: -“Танайд гал гарлаа” гэж хажуугийн айлын хүн утсаар хэлсэн. Нөхөр бид хоёрыг эндээс (Улаанбаатарын төвд ажил хийдэг) Налайх руу очиход эмнэлгийн машин ГССҮТ-рүү ирж таарсан. Хүн эхлээд муу юм л боддог юм билээ.
Хоёр хүүхэд минь л амьд байгаасай гэж залбирч явсан.
-“Дашваанжил” компанийн гааз гэсэн байх аа. Галын дүгнэлт юу гэж гарсан бэ?
-Баллоны шланк нь цоорсноос хий гарч, гал гарсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ тэр шланкыг баллондоо холбоогүй байсан шүү дээ.
-Тэгээд яагаад гал гарсан юм бол оо?
-Бид ч өөрсдөө мэдэхгүй байна. Мэргэжлийн хүмүүс нь ингэж дүгнэсэн болохоор тэр компанийнхныг буруутгаж болохгүй байх.
-Тус компаниас та бүхэнтэй холбоо барьсан уу?
-Үгүй ээ. Одоогоор хүний урманд “Бие нь яаж байна” гэж асуугаагүй. Уг нь хүүхдүүдийг маань асуух болов уу гэж горьдож л байлаа.
-Гэсэн ч Монголын ард түмэн та бүхэнд тусалсан. Эмчилгээний зардлаа бүрэн цуглуулж чадсан уу?
-Тийм ээ. Ард түмэн минь л хоёр хүүхдийн минь амийг аварлаа. Бас Солонгосын эмнэлэг хөнгөлөлт үзүүлсэн. Эмчилгээний зардалд хэрэгтэй бүх мөнгө цугларсан.
Илүү гарсан хэдээр нь зургаан сар хэрэглэх эм, тосоо авсан. Түлэгдсэн хүний өмсдөг даралттай хувцаснаас хоёр ээлжийнхийг авлаа.
Хөл гарных нь амархан урагддаг гэсэн учраас дөрвөн удаа сольж хэрэглэхийг авсан.
-Одоо Монголдоо ямар эмчилгээ хийлгэх вэ?
Г.Цэрэнтогтох: -Физик болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Солонгос эмч “Хагалгаа хийлгэснээр аминд чинь аюулгүй болсон. Зургаан сараас нэг жилийн хугацаанд эм, тосоо тасралтгүй хэрэглэж, эмчилгээгээ сайн хийлгээрэй” гэсэн.
-Дүүгээ тэвэрч чадахгүй байгаадаа харамсаад байсан. Хүнд зүйл өргөж болохгүй гэсэн үү?
-Хамаагүй ядарч, хүнд зүйл өргөж болохгүй. Гэхдээ удахгүй дүүгээ хоёр гар дээрээ өргөөд явах болно оо.
-80 хувийн түлэгдэлттэй хүн амьд гарах нь ховор гэж сонссон. Чи өөрийгөө азтай гэж бодож байна уу?
-Тийм ээ. Тийм аймшигтай явдал тохиолдсон ч би азтай хүн.
-Нүүрний сорви нь бүрэн арилна гэсэн үү?
-Одоохондоо гоо сайхны талаар ярих эрт байна гэсэн. Зургаан сараас жилийн дараа сорви арилах, эсэх нь мэдэгдэж эхэлнэ гэнэ лээ. Хэрэв гоо сайхны хагалгаанд орохоор бол эмнэлгээс урилга явуулж болно, зургаа явуулж байгаарай гэсэн шүү.
-Чи өөрийнхөө царайг өөрчлөхийг хүсэж байна уу?
-Үгүй ээ. Одоо байгаа төрх минь надад хангалттай.
-Түлэгдэхээс өмнөх зургийг чинь харсан хүмүүс “Царайлаг залуу юм аа” гэсэн сэтгэгдэл их бичсэн байсан. Ийм болсондоо харамссан уу?
-Эдгэрээд гараад ирсэн болохоор харамсах зүйл алга аа.
-Эмнэлгээс гараад хамгийн түрүүнд хэнтэй уулзахыг хүссэн бэ?
-Солонгос явахаасаа өмнө дүүгийнхээ болон өөрийнхөө түлэгдсэн байдлыг хараад аймар эмзэглэж, айдас төрсөн. Харин одоо дүүгээ харахад үнэхээр сайхан байна.
Монголдоо ирээд дүүтэйгээ л уулзахыг хамгийн их хүссэн дээ. Бас надад тусалсан найзууд, Монголынхоо бүх хүмүүстэй уулзмаар байсан.
-Ирэх намар төгсөх ангид орно. Мэргэжлээ сонгосон уу?
-Сэтгэлзүйч болно гэж бодож байгаа.
Г.Цэрэнтогтох хүү тэр бүр хүний мэдэрдэггүйг мэдэрч, даваагүйг давсан болохоор маш сайн сэтгэлзүйч болох нь дамжиггүй. Боолт хийлгэх, солиулна гэхээс чичиртлээ айдаг байснаа ярихдаа ч хоолой нь сааралтаж байсан.
Одоо бүх айдас ард хоцорсоон. Орох оронгүй болсон тэд одоо ах дүү, найз нөхдийндөө хоног төөрүүлж байгаа юм байна. Хоёр хүүхэд нь үхэл амьдралын зааг дээр байсан учраас улсаас нөхөн олговор хөөцөлдөж амжилгүй өдий хүрчээ.
Г.Цэрэнтогтохыг өдий зэрэгт хүрч, эрүүл саруул болоход нь найман сартай дүүгийнх нь оруулсан хувь нэмэр чамлахааргүй.
Учир нь ах нь ээжтэй нь хамт хил даван эмчилгээнд явахад нь Амарболд хүү найман сартай хэдий ч хөхнөөсөө гарч, аавтайгаа сайн сууж байжээ.
Ч.БОЛОРТУЯА