Хан-Уул дүүргийн V, VI хорооны есөн га газарт “Эс Си Эм” компани иргэдийн орж, гарах гарцыг хааж 40 гаруй чингэлэг буулгажээ. Уг компани газар эзэмших эрхийн гэрчилгээтэй ч иргэд барилга бариулахгүй хэмээн эсэргүүцэж байгаа аж.
Энэ талаар тус дүүргийн VI хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга О.Батхуяг “Манай хороонд “Петровис”, “Эс Си Эм” хэмээх хоёр компани зөвшөөрөлгүй барилга барих гэж байна. Эдгээр компани 2010 онд нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяраас газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан гэсэн.
15 жилийн хугацаатай олгодог энэ гэрчилгээг таван жилийн хугацаатай өгсөн нь хууль бус үйлдэл юм. Түүнчлэн эдгээр байгууллагын гэрчилгээний хугацаа дуусаж байгаа. Тэгээд ч хоёр жилийн хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй бол гэрчилгээг хүчингүй болгодог.

Гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусчихсан байхад барилгын ажил эхлүүлэх гэж байгааг иргэд эсэргүүцэж байна” гэв. Тус хорооны иргэдийн хэлж буйгаар “Петровис” компанийн барих барилгын хажууд “Магнай трейд”-ийн ШТС (шатахуун түгээх станц) байрладаг аж.
Гэрийнхээ ойролцоо хоёр ШТС-тай болох нь аюултай гэж тэд үзэж байгаа юм. Түүнчлэн тус газраас 20 метр орчим зайд хүүхдийн цэцэрлэг байв. Энэ талаар “Петровис” компанийн ерөнхий захирал Д.Энхмаагаас тодрууллаа.
-Танайх газар эзэмших эрхийн гэрчилгээтэй ч хоёр жил эрхээ эдлээгүй болохоор хүчингүй болчихсон гэж иргэд хэлж байна?
-Манай компани 2010 онд нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаярын 815 тоот захирамжаар 1000 ам.метр талбайтай үйлчилгээний газар, 3000 ам.метр талбайтай ШТС-ын зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.
Бид Газрын тухай хуулийн дагуу олгогдсон газрын төлбөр болон дуудлага худалдааны анхны үнийг төлж, хууль ёсны дагуу дээрх газрыг эзэмшиж байгаа. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлэх гэсэн боловч Нисэх чиглэлийн автозамын өргөтгөлийн ажилтай холбоотойгоор хойшлогдсон юм.
-Тэгвэл холбогдох газарт нь хандаж, гэрчилгээгээ сунгуулах шаардлагатай юм биш үү?
-Бид холбогдох газруудад хандсан. Удахгүй учир нь олдох байх. Барилгын ажлын зураг төсөл бэлэн болсон учраас ажлаа эхлүүлмээр байна. Иргэд аюулгүй байдалдаа санаа зовж байгааг бид ойлгож байгаа учраас элдэв тэмцэл хийхгүй гэв.
Тус хороонд 40 гаруй чингэлэг буулгасан “Эс Си Эм” компанийн талаар иргэд ямар ч мэдээлэлгүй байгаа гэнэ. Уг компани өнгөрсөн зургадугаар сард зөвшөөрөлтэй гэх газартаа хашаа хатгасан ч иргэд буулгажээ.
Харин өнгөрсөн долдугаар сарын 28-ны шөнө чингэлэг буулгасан байна. Зургадугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга О.Батхуяг “Эс Си Эм” компани “Сан атар” гэх байгууллагаас эзэмших эрхийн гэрчилгээ худалдан авсан гэсэн юм.
Тус хорооны иргэн Г.Батцэцэг “Манай хороонд нэг ч сургууль байхгүй. Энэ талаар удирдлагуудад хэлэхээр зарим иргэний газрыг худалдаж авч, чөлөөлсний дараа л сургууль барих боломжтой гэдэг. Гэтэл хоёр ч ШТС-тай боллоо. Хэзээ ч дэлбэрч магадгүй газарт амьдарна гэдэг аюултай” гэсэн юм.
Тэд УИХ-ын гишүүн Л.Болдод энэ тухайгаа хэлж, мэдэгдэл хүргүүлсэн байна. Л.Болд гишүүн үүний дагуу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар нараас уг асуудлын талаар мэдээлэл хүсэн, албан бичиг илгээжээ. Энэ бичгийн хариу ирвэл асуудлын учиг тайлагдах бололтой.
Э.НЯМДУЛАМ