ОХУ-ын Алтайн БНУ-д тарваган тахал гарсан байна. Тус улсын мэргэжлийн хяналтын газраас энэ долоо хоногт Кош-Агач аймагт судалгаа хийж үзэхэд, дөрвөн тарваганаас тахал өвчний шинж тэмдэг илэрчээ.
Тиймээс Алтайн БНУ-ын Ан агнуурын хорооноос тарвага агнахыг хориглосон байна. Кош-Агач нь эртнээс тарваган тахлын голомттой, хяналтад байдаг газар юм. Мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр, сүүлийн хоёр жилд тарваган тахлын хэмжээ нэмэгдэж байгаа гэнэ.
Өнгөрсөн 2014 онд Кош-Агач аймагт тарвага агнахыг хориглож, иргэдэд урьдчилан сэргийлэх тарилга хийж, хот тосгонд ариутгах ажил хийсэн ч энэ жил дахин тахал гарсан байна.
Тус аймагт тарваганы хулгайн ан маш их байгааг таслан зогсоохоор цагдаагийн газраас ажиллахаар болжээ.
Кош-Агачаас гадна Майма, Чоя, Уулын Алтайд тарваган тахал мөн илрээд байгаа аж. Алтайн БНУ нь зүүн урдуураа манай Баян-Өлгий аймагтай хиллэдэг.
М.СУГАР-ЭРДЭНЭ