“Муу мэлхий найман сараас” гэж монголчуудын ахуй амьдралаас ургасан хэлц. Үе үеийн Ерөнхий сайдын хувьд өвөл бусад хүнийхээс хавьгүй эрт, наймдугаар сард ирдэг. Ялангуяа одоогийнх шиг эдийн засгийн хямралтай, хүнд хэцүү үеийн Ерөнхий сайд наймдугаар сарын их ажлыг хормоор ч алдаж болохгүй.
Уншигч Та хамгийн сүүлд Ч.Сайханбилэгийг хэзээ, хаана, харсан, сонссон бэ. Сайд нарын танхимын зургаан гишүүнийг огцруулсан чуулганы хуралдаанаас хойш Ерөнхий сайд олны анхааралд өртсөнгүй, таг чиг.
Ор сураггүй алга болсноос хойш 72 цаг өнгөрсөн тохиолдолд тухайн хүнийг эрэн сурвалжлуулахаар хуулийн байгууллагад хандаж болдог. Тиймээс би Чимид овогтой Сайханбилэгийг олж өгч тус болохыг Монголын олон нийтийн өмнөөс хүсэж, цагдаагийн байгууллагад хандмаар байна.
Засгийн газрын ээлжит хуралдаануудаа хагас дутуу ирцтэй “гурилдсан” шиг ээ албан өрөөндөө бүгчихээд байгаа түүний бараа сураг Төрийн ордны хоёрдугаар давхрын нэг булангаас хэтрэхээ байв.
Гэвч Ерөнхий сайд тэнд цэвэрхэн царайлж, цэмцийтэл суугаад нэмэргүй. Сайдын суудал хуваарилах арилжаа панзнаас өөрт оч үсрэхийг хүлээн ширээ дэрлэж хэвтээд юугаа хийх вэ. Улс төрийн тоглоомонд ханьгүй хийгээд одгүй байгааг тань одоо бид андахгүй мэднэ.
З.Энхболд, Н.Энхбаярын хэлэлцээ, тохирооноос горьдох зүйл Ч.Сайханбилэгт үгүй. Сүүтэй цай шиг шаргалтан харагдах Төрийн ордон өвөл үзэхгүй мэт наадаантай байгаа. Наймдугаар сар улстөрчдийн хувьд наймааны улирлын нээлт болов.
Ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэсэн тохиролцоо явсаар аравхан хоногийн дараа наймдугаар сар шувтрах нь. Сайдын орон гарсан суудлууд эзгүй хэвээр. Эдийн засгийн хямралыг монголчууд хэн гээч Сангийн сайдтай гэтлэхээ ихэд анхаарч байлаа.
“Фортуна” Н.Батбаяр гэнэ ээ. Наймаалцаж наймаалцаж, бодож болгоож гаргаж ирсэн хүндэт дэвшигч нь мөнөөх л Н.Батбаяр. АН-ыг мөнгөөр угжигч МҮДН фракц заавал Сангийн сайдыг авна гэсэн болохоор нь З.Энхболд энэ албан тушаалыг нүдээ аниад л харанхуй хуваарилав.
Түүнээс биш Сангийн сайдад хариуцлагатай хүн томилох ёстой, тэр хэн байх ёстой вэ гэсэн бодлогын мэтгэлцээн АН-д огт болоогүй нь харамсалтай, бүр аймшигтай. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яг ийм харанхуй танхимтайгаараа тун ч азгүй нэгэн.
Түүний сайдууд дандаа АН-ын фракцуудын наймааны цонхоор гүйцэтгэх засаглал руу үсрэгсэд байдаг. Сайд нарын танхим бүрдэхийг хүлээнэ гэвэл лавтайяа дахиад сарын ажил гарздаж мэдэхээр байна. Ядаж л Сангийн сайдгүй сар болох эрх Засгийн газарт байхгүй тийм их хямралтай цаг үе хэдий ч Засгийн санг Н.Батбаяр барина гэвэл түүнтэй байх, түүнгүй байх хоёр яг адилхан.
Харин ч Н.Батбаяргүй хувилбар нь хиншүү хярвас, утаа май багатай байх шүү. Шадар сайдын суудалд Э.Батшугар хүү очвол түүний ажлын дийлэнхийг Ерөнхий сайд өөрөө л үүрч таарах вий. Зургаан сайдтай, сайдгүй улс орон дампуурал зарлахдаа туллаа.
Зуд ч болж мэдэх хахир хатуугаараа алдартай мичин жилийн өвөл айсуй. “Утсан хүүхэлдэй”, “Тоглоомын Ерөнхий сайд”, ер нь юу ч гэж хочлуулдаг бай, энэ цагийн цорын ганц Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг. Ямбыг нь эдэлж байгаа хойно, ялыг нь ч бас үүрдэг жамтай.
“Шаварт унасан шарын эзэн хүчтэй” ч гэдэг. Тиймээс ганцхан Танаас л “Монголчууд өвөлд бэлэн үү” гэж асуух болно. Ургацынхаа 70 хувийг алдаж байна, одоо яах вэ. Ам.долларын ханш 2000 төгрөг давлаа, тогтоон барихын тулд хэрхэх вэ.
Орон сууцны эрэлт, нийлүүлэлт нь байхад энэ зах зээл бүрэн царцлаа. Иргэдийн гар дээр бүү хэл, аж ахуйн газрууд, төрийн байгууллагын дансанд мөнгө алга. Гэх мэт олон асуулт улам бүр ширүүссээр байх болно. Тиймээс Ч.Сайханбилэг яг одоо ичээнээсээ гар.
Тууз хайчлах гэж байгаа биш, дэгжин зангиа, цагаан бээлийгээ тайл. Ажлын бээлий оёулаад ав. Штабын горимд шилж. Цардсан цамц, индүүдсэн хүрмээ ажлын хувцсаар солиод цахилгаан станц, хадлан, ургацын талбай, уурхай, валютын зах, сургууль, цэцэрлэгт оч.
Албан хаагчдаас ажил ямар байгааг нь асуу. Ард иргэдээсээ амьдралыг нь сонс. Арга чарга боловсруулахад Төрийн ордны улс төрийн наймаа бус, үнэн бодит байдал, ажил хийж байгаа олон түмний санаа бодол тусална.
Чимид овогтой Сайханбилэгийг Төрийн ордноос гарч түмний дотор ажиллахгүй бол улс орон даяар эрэн сурвалжилъя. Энэ ялдамд Монгол Улсын баатар Эрдэнэ овогтой Бат-Үүл мөн ор сураггүй алга болчихоод байгаа нь улс төр сонирхогчдын анхаарлыг гойд ихээр татах болсныг зарлая. Тэрбээр ээлжийн амралтаа аваад хөдөөгүүр яваа аж.
АН-ын дарга З.Энхболд МАХН-ын дарга Н.Энхбаяртай Өршөөлийн хууль, сайдын суудлын барьцаатай хачирхалтай улс төр хийж байна. Э.Бат-Үүл одоогоос яг долоон сарын өмнө Н.Алтанхуяг даргаа МАХН-тай 10 жил хамтран ажиллах гэрээ байгуулсны төлөө уйлж дуулах нь халаг эсэргүүцсэн нь тухайн үедээ олны талархалд нийцсэн тодорхой байр суурь болж байлаа.
Улс төрд өдгөө өрнөж байгаа үйл явдалд Э.Бат-Үүлийн яг тийм шударга дуу хоолой үгүйлэгдсээр. Н.Алтанхуяг, З.Энхболд хоёрын үйлдэл ямар ялгаатай болоод Улсын баатар маань энэ удаа амаа таглан хойш суугаад байна вэ.
Үгээ хэлэхэд нь объектив, субъектив хандлага нөлөөлдөг бол түүнийг ямар шударга гэх вэ дээ. Би хувьдаа Э.Бат-Үүлийг З.Энхболдод тал засах шаардлага гараад ор сураггүй болсонд итгэхийг хүсэхгүй байна.
Б.ЭНХЦЭЦЭГ