Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IV хороонд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, ХААН банкны төв байрны зүүн хойно байрлах орон сууцанд оршин суух 70 настай эмэгтэйн хоолойг хэрчиж, бүрэлгэсэн байна.
Талийгаач гэртээ нохойтойгоо амьдардаг байсан бөгөөд энэ сарын 16-нд эсэн мэнд явж байсан аж. Хөршүүдийнх нь мэдээлснээр 17-ны өдрөөс хойш огт тааралдаагүй, нохой нь гэртээ байнга хуцаад, утас нь холбогдохгүй байжээ.
Тиймээс хөршүүд нь энэ сарын 18-нд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Талийгаач эмэгтэйн үр хүүхдүүд нь гадаадад амьдардаг байсан гэнэ.
Ганц бие, биеэ хамгаалах чадваргүй хөгшнийг хэн, юуны учир хөнөөв гэдгийг тогтоохоор нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс уг хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулж, хэргийн газрыг хамгаалалтад авчээ.
Гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн.
Түүнчлэн, талийгаач эмэгтэй хатуу, чанга хүн байжээ. Үүнээсээ болоод хохирсон байж магадгүй хэмээн албан бус эх сурвалж мэдээллээ.
Х.АЗЖАРГАЛ