ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд өчигдөр тус дүүргийн эцэг эхчүүдийн төлөөлөл цуглаж, цэцэрлэгт хүүхэд бүртгэхдээ тасалбар тараах арга хэрэглэхийг эсэргүүцэв. Тус дүүрэгт харьяалагдах 35 цэцэрлэгийн хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилдэг.
Өчигдөр цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эхийн төлөөлөл энд цуглажээ. Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс нь цэцэрлэгийн эрхлэгч нартай зөвлөлдөж, өмнөх бүртгэлийн тогтолцоогоо шинэчлэн, тасалбар олгох болсноос ийм эсэргүүцэлтэй тулгараад буй аж.
Энэ талаар тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяраас тодруулахад “Тасалбар тараавал цэцэрлэгт бүртгүүлэх гэж эцэг эхчүүд дугаарлан зогсох шаардлагагүй болно. Өмнө нь хүүхдээ бүртгүүлэх гэж олон өдрөөр дугаарлан зогссон эцэг эхчүүд л үүнийг эсэргүүцэж байна.
Эцэг эхчүүдэд бүртгэл 24-нөөс эхлэх тул цэцэрлэгийн гадна дугаарлаж зогсохгүй байхыг энэ сарын эхнээс хэлсэн. Эцэг эхчүүд 24-ний өдөр тухайн цэцэрлэгт бүртгэгдсэн эсэхээ шалгуулж, сугалах зарчмаар явна.
Ямар ч аргаар бүртгэсэн бай цэцэрлэг хүчин чадалдаа тааруулаад л хүүхдүүдээ авна. Харин ч тасалбар тарааснаар цэцэрлэгийн насны хүүхдийн баталгаатай тоотой болж, дараа дараагийн жилүүдэд орхигдсон хүүхдүүдээ элсүүлээд явна.
Уг нь эцэг эхчүүдээс тасалбараар бүртгэх тухай санал авахад олонх нь эерэгээр хүлээж авсан” гэв. Харин эсэргүүцсэн эцэг эхчүүдийн хувьд цэцэрлэг тус бүрийн эрхлэгчтэй ярилцаж хүүхдийг хэрхэн бүртгэхээ шийдэхээр болжээ.
Э.СҮРЭН