Дэлхий дахинаа алдар нэрээ цуурайтуулсан тамирчны нэг Олон улсын олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, тамирчдын комиссын дарга, 2001 оны дэлхийн аварга, 2004 оны Афины олимпийн мөнгөн медальт, туялзуур сэлэмчин Клаудия Бокель манай улсад зочилж байна.
Тэрбээр Олон улсын олимпийн хорооны “IOC Athlete Career Programme”-ийн дагуу сургалт хийхээр ирсэн бөгөөд энэ дагуу уржигдар манай тамирчдад хичээл орсон юм. Тэгвэл өчигдөр тэрбээр Цонжинболдог цогцолборт жүжигчин Б.Амарсайхантай сэлмээр тулалдаж, үзүүлэх тоглолт толилууллаа.

Энэ үйл ажиллагааг Монголын туялзуур сэлэмний холбоо санаачилсан бөгөөд ирэх сард манай улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд зохиож буй аж. Туялзуур сэлэм нь хүнд, хөнгөн, илд сэлэмний гэсэн гурван төрөл байдаг. Энэ нь олимпийн наадмын ууган төрлийн нэг ч манай оронд сүүлийн жилүүдээс л хөгжиж байгаа. Ялангуяа хүнд сэлмийн төрлийг онцлох хэрэгтэй.

Тамирчин бүсгүй, жүжигчин хоёр есөн минутын турш, хүнд сэлмийн төрөлд өрсөлдөж 8:8 харьцаагаар тэнцсэнээр тоглолт өндөрлөсөн. Клаудия Бокель долоон настайгаасаа тус спортоор хичээллэсэн бол жүжигчин Б.Амарсайханы хувьд тус үзүүлбэрт зориулан сүүлийн хоёр хоног олимпийн хорооны тамирчидтай бэлтгэл хийжээ.
Гэсэн ч тэдний тулаан олны нүдийг баясгасан, сайхан үзүүлбэр болж чадсан юм. Тоглолтын төгсгөлд тамирчин бүсгүй “Амаргүй тоглолт байлаа шүү” хэмээн дуу алдав. Үүний дараа тэрбээр туялзуур сэлмээр хичээллэж буй залуу тамирчидтай тулалдан, туршлагаасаа хуваалцлаа.
Жүжигчин Б.Амарсайхан “Хэдий үзүүлбэр ч гэлээ хичээж тоглолоо. Өчигдөр энэ хувцсыг анх удаа өмсөж, бэлтгэл хийж үзлээ. Анхны тулаанаа дэлхийн алдартай тамирчинтай хийлээ. Энэ бол хувь тохиол. Бид энэ спортоор амжилт гаргах боломжтой. Бокс, бөхийн араас амжилтын буухиа дагуулах төрөл болно гэдэгт бүрэн итгэл төрлөө. Тамирчин маань олимпийн дэвжээн дээрх шиг тулалдаагүй нь ойлгомжтой. Гэхдээ сайхан тоглолт байлаа. Энэ спорт хүнээс маш их анхаарал, хурд хүч, эмх цэгцтэй байдал шаарддаг юм байна. Жүжигчид сэлэм, нум сум, жад зэрэгтэй харьцах шаардлага олон гардаг. Цаашид энэ спортоор хичээллэх болно” гэв. Энэ зуур Клаудия Бокельтой цөөн хором ярилцлаа.
-Юун түрүүнд Монгол оронд анх удаа ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юү?
-Монгол хүмүүс их найрсаг, сайхан харилцаатай юм. Дахиж ирнэ гэдэгтээ итгэлтэй байна.
-Урьд нь тусгайлан бэлтгэсэн зааланд, эсвэл дэвжээн дээр тулалддаг байсан. Энэ удаа Монголчуудын бахархал болсон Чингис хааны хөшөөний дэргэд жүжигчин залуутай тулалдлаа. Ямар мэдрэмж төрсөн бэ?
-Олон орноор явж үзсэн. Эдгээрээс хамгийн сайхан байгальтай нь монгол орон. Байгалийн үзэсгэлэнт цогцолборт газар мундаг жүжигчинтэй тулалдсандаа баяртай байна. Амархан байх болов уу гэж бодож байсан. Тийм байсангүй. Гэхдээ сэтгэл хангалуун байна.
-Энэ спортын тухай та юу хэлэх вэ?
-Маш олон төрлийн спортоор хичээллэж байсан. Эдгээрээс туялзуур сэлмийг онцлон сонгосон. Тиймээс маш их хайртай. Хамгийн гол нь төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Мөн тамирчнаас маш их хурд хүч, овсгоо самбаа, идэвх шаарддаг.
-Өчигдөр манай тамирчдад сургалт зохион байгуулсан гэж дуулсан. Энэ хичээлийн зорилго, ач холбогдол нь таныхаар юу байв?
-Олон улсын олимпийн хорооны хөтөлбөрийн дагуу хичээлээ заалаа. Сургалтад олимпод, паралимпд оролцож байсан болон зодог тайлсан олон тамирчныг хамруулсан. Тамирчдыг зодог тайлсны дараах амьдралд хэрхэн бэлдэх вэ, хэрхэн энэ амьдралд шилжих вэ гэдэг асуудлыг хөндсөн.
Сургалтад оролцогчдоос “Таван жилийн дараа ямар болсон байх вэ, өөрийгөө ямраар төсөөлж байна, гэж асуухад бүгд том зорилго тавьсан байсан. Тиймээс би үүнийг биелсэн эсэхийг мэдэхийн тулд таван жилийн дараа дахин ирнэ.
-Энэ спортоор чамгүй урт хугацаанд хичээллэсэн хүний хувьд манай улсын тамирчдын тулааны онцлог ажиглагдав уу?
-Гурван тамирчинтай тулаан хийж үзлээ. Үүнийг тодорхойлоход хэцүү. Гэхдээ хүнд сэлэмний төрлөөр илүү ирээдүйтэй санагдлаа. Тамирчдын барилыг ажиглахад, монгол хүний уугуул чанар болоод орчин үеийн хэв маяг хосолсон байдал анзаарагдаж байна.
Ж.СУВДМАА
Гэрэл зургийг Э.Харцага