Өнөөдөр "Зууны мэдээ" сонины мэдээллийн төвд Иргэний нисэхийн мэргэжлийн холбоод хэвлэлийн хурал хийж, мэргэжлийн салбарт өрнөж байгаа улс төржилт дагасан сөрөг үр дагаварын талаар мэдээллээ.
УИХ-аар 2013 онд Иргэний нисэхийг улс орны эдийн засгийн болон нийгмийн тэргүүлэгч салбар болгон хөгжүүлэх бодлогын баримт батлагдсан ч нарийн мэргэжлийн энэ салбарын олон асуудал “улс төржсөн” талцал дунд дээш доош савалсаар өнөөг хүрлээ. 1996-2000, 2000-2011 онуудад иргэний нисэхийн салбар, тэр дундаа ИНЕГ-ын дарга, дэд дарга болон харьяа алба хэлтсийн дарга нар тогтвортой, салбартаа удирдах албан тушаалуудад ажилласан туршлагатай, шат дамжлагаар бэлтгэгдэн ирсэн боловсон хүчнүүд томилогдон ажиллаж ирсэн.
Гэвч улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг ИНЕГ-т сүүлийн жилүүдэд эдийн засгийн ил далд сонирхол маш их нөлөөлдөг болоод байна. Үүнийг 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш ИНЕГ-ын бүтцийг өөрчилсөн тушаал, шийдвэрээс тод харж болно. Сүүлийн гурван жилд ИНЕГ гурван даргын нүүр үзэж, дөрвөн удаа бүтэцийн өөрчлөлт хийгдлээ.
Энэ өөрчлөлтүүдийн үр дүнд тус агентлагийн үйл ажиллагааны тогтсон системүүд аажмаар алдагдаж, даргын суудал, эрх мэдлийн төлөөх марафонд уралдагчид олон болов. 2012 оны улс төрийн сонгуулийн дараа Засгийн газрыг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах нэрээр иргэний нисэхийн салбар УИХ-ын бие даагч гишүүдийн “мэдэлд” очсоноор Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхдээ газрын дарга дэд даргад тавигдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч нарт нийцүүлж явцууруулан тогтоодог зуршил тогтоод байна.
Монгол Улс 1989 онд иргэний нисэхийн талаарх Чикагогийн конвенцид нэгдэн орж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) гишүүн орон болсон.
ИНЕГ бол Монгол Улсын Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө нислэгийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг мэргэжлийн агентлаг. Гэвч нөгөө тэргүүлэгч салбар байх ёстой, салбарыг авч яваа ИНЕГ-ын ажил сонгуулийн үр дүнгээс хамаарч үүсдэг улс төржилтийн үр дүнд асар ихээр гажуудаж, нисэхийн аюулгүй ажиллагааны гол хүчин зүйл болох боловсон хүчний бодлого, бүх шатны менежментийн тогтолцоо гажуудалд ороод байна.
Нисэхийн салбар дахь мэргэжлийн өндөр боловсролтой, удаан хугацаанд ажиллаж туршлага хуримтлуулсан, салбартаа болон гадаадад танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн ажилтнуудыг бүтцийн өөрчлөлт нэрээр үндэслэлгүйгээр хоморголон халах, хяхаж хавчих байдлыг бий болгож байна. Нөгөө талаар салбарын хэрэгцээ шаардлагыг төр засаг, шийдвэр гаргах түвшиний албан тушаалтнуудад тайлбарлаж, мэргэжлийн зөвлөгөө өгч чадахгүйгээс урт насгүй шийдвэрүүд гарч эхэллээ.
2013 оны нэгдүгээр сараас 2014 оны 12 сарыг дуустал ИНЕГ-ын төв болон орон нутгийн салбараас нийт 295 хүн ямар нэгэн шалтгааны улмаас ажлаасаа халагдсан. Тэдний 28 нь дарга, менежер удирдах түвшиний албан тушаалтнууд, 35 нь иргэний нисэхийн мэргэшсэн мэргэжилтэн, байцаагч байсан. Энэ хугацаанд 382 хүн шинээр ажилд орсон байна. Тэдний 41 нь дарга, менежерийн албан тушаал дээр ирсэн бол 124 нь мэргэжилтнээр ирсэн байна.
Иргэний нисэхийн Олон улсын байгууллага 2010 онд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын тогтолцоо, төрийн бодлого зохицуулалт, хяналтын аргачлалд аудит хийсэн нь шалгуур үндсэн элементүүдийн үзүүлэлтээрээ дэлхийн дундажаас дээгүүр үнэлэгдсэн билээ. Энэ үнэлгээ Монгол улсад олон улсын байгууллагаас тавьсан үнэлгээ. Гэвч энэ ололт амжилт маань улс төржилт, мэргэжлийн боловсон хүчнүүдийг хоморголон халж байгаагаас салбарт үүсэж байгаа нарийн мэргэжилтнүүдийн дутагдал, эмх замбараагүй бодлого, томилгоо, өөрчлөлт, талцал, хийрхэлээс болоод ямар хувиар доошоо орсныг одоогоор хэн ч хэлж чадахгүй.
Өнөөдөр Иргэний нисэхийн салбарт ажиллаж амьдарч байгаа бүхэн, бид гаргасан амжилтаа алдаж эхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нь хатуу үнэн. Энэ доройтол энэ хурдаараа доошилбол 2017 ирэх ээлжит аудит шалгалтаар ямар үнэлгээ авах нь ойлгомжтой, улмаар Чикагогийн конвенцийн 93/1 зүйлд заагдсанаар, Монгол улс Олон улсын гишүүнчлэлийн эрхээ алдаж, манай үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани маань хаалгаа барих аюул нүүрлэнэ.
Үүнийг шийдвэр гаргагчид болон Иргэний нисэхийн салбарынхан, ард иргэд анхаарлынхаа гадна хэрхэвч орхих учиргүй. Яг энэ эрсдлийг Иргэний нисэхийг “улс төржүүлж байгаа, улстөржсөн мэргэжилтэн”-үүд хэрхэн ухамсарлаж байгаа юм бол гэдэг нь бас сонин. Иргэний нисэхийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл бид энэ мэдээллийг ард иргэд, шийдвэр гаргагчидад уламжлахаар Хэвлэлийн хурал зарласан болно.