Хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эцэг эхчүүдэд тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгт хүүхдээ явуулахгүй байхыг сануулжээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгааг ашиглан сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр цэцэрлэг ажиллуулж, хууль зөрчих тохиолдол цөөнгүй гардаг аж. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ төрийн бус өмчийн цэцэрлэгт явуулахаар шийдсэн бол тухайн байгууллага нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөл нь үүсгэн байгуулагчийн нэр дээр байгаа, зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг сургалтын байгууллагаас лавлаж тодруулж байхыг зөвлөжээ. Учир нь тусгай зөвшөөрөл авсан байгууллага нь хүүхдүүдийг тав тухтай эрүүл, аюулгүй орчинд асарч хамгаалан, хөгжүүлэх, хүмүүжүүлэх, сургах чиглэлээр ажиллахаас гадна болзошгүй осол, гэмтэл, хоолны хордлого зэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй байна.