УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ энэ оны хаврын ээлжит чуулганы хугацаанд болон энэ сарын 03-14-ний өдөр хуралдсан ээлжит бус чуулганы үеэр улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд чухал ач холбогдолтой хуулиудыг баталсан болохыг онцлов. Тэрээр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн Ажлын хэсгийг ахалж ажилласан бөгөөд өнгөрсөн сарын 02-ны өдөр УИХ баталсан юм. Иргэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд зөвхөн үл хөдлөх хөрөнгөө барьцааж, зээл авах байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулдаг байсан бол энэхүү хууль батлагдсанаар хөдлөх хөрөнгөө барьцаалж, эдийн засгийн эргэлтэд оруулан бизнесээ санхжүүлүүлэх, тэлэх боломж бүрдсэн байгааг тэрээр онцолсон аж. Хөдлөх хөрөнгө гэдэг ойлголтод оюуны өмчөөс эхлээд иргэний гар дээр байгаа олон төрлийн хөрөнгө багтах болохыг тэрээр тодруулаад “Үүний үр дүнд эдийн засгийн “цусны эргэлт” нэмэгдэн, эдийн засгийн орчинд эерэг нөлөөлөл үүснэ” гэв.
Мөн түүнчлэн 2015 оны хаврын чуулганы хугацаанд иргэдийн газраа барьцаалах эрхийг эрх зүйн орчин баталгаажуулсан болохыг онцлон танилцууллаа. Тэрээр “Иргэд зөвхөн хашаа, байшингаа барьцаалж зээл авдаг байсан бол газраа барьцаалах боломж бүрдсэн. Тухайлбал, хэсэг айл өрх газраа нийлүүлж, барьцаалаад нийслэл хотын дахин төлөвлөлтийн хүрээнд засаг захиргааны байгууллагатай хамтарч ажиллах замаар амьдрах орчноо сайжруулах, хувийн орон сууцтай болох эрх зүйн орчин бүрдлээ” хэмээв.
Түүнчлэн 20.000-30.000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байх үе буюу 1996 онд батлагдсан Замын хөдөлгөөний тухай хуулийг өнөөдрийн нөхцөлд тохируулан шинэчлэн баталсан талаар, Галт зэвсгийн тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиудын талаар мэдээлэл өгч, хуульч гишүүний хувьд Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдэд ихээхэн ач холбогдол өгч, анхаарч ажиллаж байна гэв.
Өнөөдрийн байдлаар Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын сайд нарыг нөхөн томилох асуудалтай холбогдуулан ажиллаж байгааг тэрээр хэвлэлийн хурлын үеэр дуулгаад 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн сарын хугацаанд тойрогтоо ажиллаж, Баянзүрх, Налайх дүүргийн 35 хороонд ажиллан иргэдтэй уулзахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ.
Хэвлэлийн хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн асуудлаар байр сууриа илэрхийлж, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн ач холбогдлын талаарх сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.