Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Сургууль руугаа автобусаар зорчдог сурагч, оюутнууд автобусны цахим картыг хэрхэн ашиглах талаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшигээс тодрууллаа.
-Ирэх есдүгээр сарын 1-нээс цахим картгүй иргэд 1000 төгрөгөөр зорчино гэсэн. Яагаад ингэж “шийтгэж” байгаа юм бэ?
-Цахим картгүй иргэдийн автобусны мөнгийг нэмэхээр ярилцаж байгаа болохоос биш яг 1000 төгрөг болгоно гэж шийдээгүй байна.
Энэ нь иргэдийг карт хэрэглэдэг болгох бодлого гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямартай ч энэ асуудлыг ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө шийднэ.
-Сурагчдад зориулсан хөнгөлөлтийн карт байгаа гэсэн үү?
-Сурагчид 3600 төгрөгөөр карт аваад, 200 төгрөгөөр зорчино. Картыг сургуулиас тараах, эсэхийг “Улаанбаатар смарт карт”-ынхантай ярьж тохирно. Уг нь өндөр хөгжилтэй орнуудад нийтийн тээврээр хүүхэд зорчуулдаггүй.
Учир нь тэнд хүүхдийн эрх маш их зөрчигддөг. Тиймээс сурагчид оршин суудаг дүүрэг, хорооныхоо сургуульд суралцах хэрэгтэй. Олон автобус дамжиж сургуульдаа явдаг хүүхдийг тусгай автобусаар зөөх ёстой.
Нийслэлийн Тээврийн газраас хүүхэд тээвэрлэх стандарт гаргасан. Одоохондоо хэрэгжүүлж буй сургууль ховор байна.
-Оюутнууд хуучин смарт картаа ашиглах уу?
-Оюутнуудын картын асуудлыг эцэслэн шийдээгүй байна. Үүнийг яаралтай шийднэ. Нийтийн тээвэр хямд байх ёстой гэсэн бодол нийгэмд байна. Нийтийн гэдэг үгэнд анхаарал хандуулахыг хүсье. Энэ бол хэн нэг хүний хувийнх биш нийтийн тээврийн салбар шүү дээ.
Бид бүх талын эрх ашгийг тусгасан бодлого баримталж байгаа. Улсаас оюутнуудад олгосон нөхөн олговрын мөнгөний хүрээнд л үүнийг шийднэ.
-Картаа цэнэглэх бүрт шимтгэл авч байгаа учраас зорчигчид түүнийг авахгүй юм биш үү?
-Энэ шимтгэлийг авахаа больсон. Хэрвээ шимтгэл авч байгаа газар байвал иргэд бидэнд мэдээлэх хэрэгтэй. Түүнчлэн карт цэнэглэх дээд хязгаар хэтэрсэн гэсэн асуудал гарч байгаа тухай яриа бий.
Ийм зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Иргэд картаа хэдэн ч төгрөгөөр цэнэглэх боломжтой.
-Шинэ чиглэл хэрэгжсэнээс хойш хол явж буй иргэд олон автобус дамжиж байгаа. Гэтэл дамжин суусны хөнгөлөлт хэрэгжихгүй байна. Уг хөнгөлөлтөө үзүүлж байж шинэ чиглэл хэрэгжүүлэх ёстой гэж зарим хүн үзэж байна?
-Нийтийн тээврийн салбарын шинэчлэл дөнгөж эхэлж байна. Иргэдийн санал, гомдлыг хүлээн авч, засаж залруулахаар хичээж байгаа. Уг нь иргэд цахим карт авчихвал ямар ч асуудал үүсэхгүй.
Хотын аль хэсэгт зорчигч олон байгаа талаарх тооцоог цахим картын тусламжтайгаар гаргах юм. Ингэж байж л иргэдийн хүсэж буй бодитой чиглэлд автобус явуулна. Иргэдийн 85 хувь нь цахим карт авчихвал хөнгөлөлт үзүүлэх боломжтой.
-Ахмадуудад карт үнэгүй олгосон. Зарим хүн үүнийг дамлан зарж байна гэсэн мэдээлэл өгсөн?
-Тэтгэврийн насныхан оршин сууж буй хорооноосоо карт үнэгүй авч байгаа. Үнэгүй картаа дамлаж зарах, хүүхдүүддээ өгөх зэрэг асуудал гарч байна. Үүнийг хянахын тулд кондуктор, камер, хяналтын систем ажиллуулж байгаа.
Цаашид улам нарийн шалгууртай болно. Түүнчлэн кондукторуудыг автобусны буудал дээр хянагчаар ажиллуулах болсон.
Э.НЯМДУЛАМ