Нефть байгалийн хийн орд газрын хайгуулаар мэргэшсэн, дэлхийн томоохон компанийн нэг Америкийн “Bell geospace” Монголын газар нутагт агаараас нефтийн хайгуул хийх болсноо зарлалаа.
Тус компани манай “Петро Матад” компанитай гэрээ байгуулж, нийт 4.2 мянган ам км газарт хайгуул хийх болжээ. “Bell geospace” компани Монголд анх удаа FTG (Full tensor gradiometer) систем ашиглах бөгөөд хайгуулын ажлаа ирэх есдүгээр сард эхлэх аж.
Монголын нефтийн нөөцийг 1.6 тэрбум тонн гэж албан ёсоор тогтоосон байдаг ч, ихэнх нөөц нь Монголын дорнод хэсэгт байдаг. Харин төв хэсэгт хайгуул хийснээр нөөцийн хэмжээ ихээхэн нэмэгдэх нь гарцаагүй гэж шинжээчид үзэж байна.
“Bell geospace” компанийн ерөнхий захирал Скотт Хаммонд гэрээ байгуулсандаа баяртай байгаагаа илэрхийлж “Монгол нефтийн нөөцөөр дэлхийд 33-т бичигдсэн байдаг.
Манай ажлын дараа эрэмбэ нь ахих болно” гэж ярьжээ.
М.ЭРДЭНЭ