Аливаа зүйл хоёр талтай гэдэг. Богд хааны ордон музейн өмнөх талбайд бямба гаригт электро хөгжмийн үдэшлэг хийх тухай зар хэд хоногийн өмнө түгсэн. “Night at Bogd Khan’s palace” нэртэй эл арга хэмжээ улсынхаа түүх, соёлыг сурталчлах зорилготой гэнэ.
Сонирхдог хөгжмөөр нь дамжуулан соёлын биет өвийг залууст танилцуулах гэсэн санаа нь шинэлэг хэдий ч, энэ арга хэмжээ эрсдэл дагуулж буй учраас олон нийтийн саналыг хоёр хуваагаад байна.
Музей үздэггүй, Богд хааны ордон музей хаана байдгийг ч мэддэггүй олон залуу хүн энэ арга хэмжээнд оролцсоноор мэдээлэлтэй болохын зэрэгцээ үдэшлэгийн орлогын тодорхой хувийг Богд хааны зуны ордныг засахад хандивлах гэж буйгаа зохион байгуулагчид онцолсон.
Музейн ёслолын хаалганы өмнө хөгжим чанга хангинуулж, залуус хөгжилдөн бүжиж, тэнд нь хоол зууш, ундаа юугаар үйлчлэх учраас гарах сөрөг нөлөө мэдээж байгаа. Үдэшлэгт оролцсон хөлчүү залууст зориулсан бие засах газрыг шийдсэн, эсэх, тамхины цогноос гал гарахгүй гэх баталгаа үгүй гэхчлэн нягтлах зүйл олон бий.
Гэтэл энэ асуудлын нарийн учгийг хэн ч тооцолгүйгээр зар түгээж, харин Богд хааны ордон музейн удирдлага “Жуулчдыг татах сурталчилгааны хувьд байж болох хэлбэр.
Өчигдөр бид ярилцаад энэ нь эрсдэлтэй байж болох тул больё гэж шийдсэн ч, зохион байгуулагч залуус хөгжмийн дуугаралтаас үүсэх чичиргээг хэмждэг төхөөрөмжийг музейн хашаан дотор байрлуулж, нягтална гэсэн болохоор шийдвэрээ эргэж харахаар болсон. Одоо БСШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцана” гэв.
Тус яамны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр албан томилолтоор гадаадад ажиллаж байгаа учраас Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга шийдвэр гаргах бололтой. 600-гаад хүнийг хамруулахаар тооцсон үдэшлэгийн тасалбар 25 мянган төгрөг.
Тасалбар бүрээс 5000 төгрөгийг Богд хааны зуны ордныг засахад зориулах юм байна. Гэхдээ хэрхэн, яаж засварын ажилд хандив өгөх боломжтойгоо зохион байгуулагчид сайн мэдэхгүй байсан. Тэдний цуглуулах 3.000.000 орчим төгрөгөөр мэдээж соёлын биет өвийг засаж хүрэхгүй.
Тэд шинэлэг санаа дэвшүүлж, сайхан санаачилга гаргасан байж болох ч, ямар ч төлөвлөгөөгүйгээр энэ ажлаа эхэлсэн нь нэгэнт ойлгомжтой болов.
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “Соёлын биет өвийн хамгаалалтын болон орчны бүсэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр байгаль, соёлын өвд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж болно” гэж заасан байдаг.
Тэгвэл харьяа яамнаасаа зөвшөөрөл аваагүй хэрнээ зар түгээсэн залууст ч, гарах сөрөг нөлөөг нь тооцолгүйгээр “байж болох зүйл” гэж дэмжсэн Богд хааны ордон музейн удирдлага ч, өнөө маргаашгүй болох гэж байгаа арга хэмжээг хэрхэхээ шийдэж чадахгүй байгаа БСШУЯ-нд ямар ч зорилго, бодлого алга.
Болно, болохгүй хоёрын зааг тодорхой байх ёстой. Чих дөжрөм хөгжим хангинаж, залуус дарвиж байхдаа өв соёлыг танин мэдэхүү, өөрсдийгөө цэнгээж, хөгжилдөх үү. Хамгаалалтын алба ажиллуулж, үнэтэй хөгжим түрээсэлж 600 хүнд үйлчилсний дараа зохион байгуулагчид ашиг олохгүй юм бол зуны ордны засварт зориулах хандивын мөнгө ч сураггүй болно.
Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэгчлэн ажил хийх гэж байгаа бол тодорхой зорилго, төлөвлөгөөтэй эхлэхгүй бол сурталчлах биш, сүйрүүлэх өнгө аяс цухалзаж буйг сануулъя.
С.СЭРГЭЛЭН