Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 70 настай эмээг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугч 70 настай эмээгийн хоолойг хэрчиж, бүрэлгэсэн байсан бөгөөд Цагдаагийн нэгдүгээр хэлтэс уг хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр тус хэлтсээс мэдээлэл хийлээ. Түүнд мэдээлснээр энэ сарын 18-ны өдөр СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт ирсэн дуудлагын дагуу 22 цаг 18 минутанд очиж шалгатал гэртээ хоолой нь зүсэгдсэн байдалтай 65-70 настай эмэгтэй хүний цогцос байсан аж. Энэ талаар хэлтсийн ерөнхий жижүүрт яаралтай мэдэгдэж, хэргийн газрын үзлэгийг явуулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэмээн мэдээллээ.
Мөн түүнчлэн цогцост хийсэн задлан шинжилгээгээр хохирогч амьсгал бүтэлтийн улмаас нас барсан ба хүзүүнд үүссэн зүсэлтийн шарх үхэлд хүргээгүй гэх урьдчилсан дүгнэлт гарсан аж. Харин хэргийн газарт үзлэг явуулж байхад хэргийн газраас сэжигтэн Б-гийн гарын мөр олдсон тул шуурхай эрэн сурвалжлан энэ сарын 19-ний өдөр баривчилжээ. Мөн хэргийн газраас бриллиатан шигтгээтэй шар өнгийн метал бөгж, гар утас, дөрвөн ширхэг түлхүүр, хутга зэрэг алдагдсан бөгөөд бөгжийн зарж борлуулсан болох нь тогтоогджээ.
Харин сэжигтэн Б-гийн хувьд Герман улсад төрсөн 24 настай аж. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн хэлэхдээ "Талийгаачийн гэрээс алдагдсан эд зүйл, гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна. Урьдчилсан байдлаар шунахайн сэдлээр хүний амь насыг хохироосон гэсэн байдал тогтоогдоод байна" гэсэн юм.