Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомт идэвхжиж байгаа. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн суманд голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтайн Эрдэнэ, Чандмань суманд тахлын өсгөвөр илэрснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завханы Эрдэнэхайрхан, Улиастай, Ховд аймгийн Алтай суманд таван хүн тахлаар өвчилсөн аж.
Тэгвэл энэ онд Ховд, Хөвсгөл аймагт хүн өвчлөөд байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсын 17 аймгийн 157 суманд тахлын голомт бүртгэгдээд байгааг албаныхан анхааруулж байна. Тиймээс мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг сануулав. Мөн халдвар авсан байж болзошгүй хүний эд материалыг тусгаарлаж, хүрэхгүй байх, тарвага агнах, өвчих, мах, түүхий эдтэй аль болох харьцахгүй байхыг сэрэмжлүүлэв. Тахлын байгалийн идэвхтэй голомтод амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газрынхан анхаарууллаа. Үүнтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-д урьдчилан сэргийлэх тарилга үнэгүй хийж байна.