Танзани улсын Уул уурхай, эрчим хүчний яамыг төлөөлсөн баг болон Бүгд Найрамдах Зимбабве улсын Эдийн засгийн бодлогын шинжилгээ, судалгааны газрын дарга, судлаачид Монгол Улсын бичил уурхайн салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалжээ.
Айлчлалын баг Монгол Улсын бичил уурхайн салбартай холбоотой төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзаж, төрөөс баримталж байгаа бодлого, эрх зүйн орчин, түүний хэрэгжилт, бичил уурхайн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж буй арга зам, ололт амжилт, сургамж болон Монгол Улсад бичил уурхайн салбарт амжилттай авч хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн ололт амжилттай танилцлаа.
Энэхүү ажлын хүрээнд Үндэсний Статистикийн хорооны МЭЗСГ-ын дарга Э.Эрдэнэсан, ахлах шинжээч Х.Ариунаа нар айлчлалын багийнханд Бичил уурхайн нэгдсэн судалгаа хийсэн талаар илтгэл тавьж, туршлагаасаа хуваалцлаа.
Туршлага судлах багийнхан бичил уурхайн салбартай холбоотой ажилладаг Сорьцын хяналтын газар, Монгол банк, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний Статистикийн хороо, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хор судлалын төв зэрэг төрийн байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудад зочилсон байна.