Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” болон Хонконгийн “Noble Group” коксжих нүүрсний Нүүрстэй ордод эхний ээлжинд 10 цэгт өрөмдлөг хийжээ. Үр дүнд нь нүүрсний цөөнгүй судал бий хэмээн үзсэн талаар proactiveinvestors.com цахим хуудас мэдээлэв. Тухайлбал, газрын гадаргаас “ойролцоо” буюу 51.4 метрийн гүнд 15.3, 71.6 метрт 9.5 метрийн зузаан судал байгаа гэж үзжээ. “Aspire Mining”, “Noble Group” нь хамтын эзэмшлийн “Эх говийн чулуу” компаниар дамжуулан Нүүрстэйд үйл ажиллагаа явуулж буй. Тэд дээрх ордод нийт 40 гаруй өрөмдлөг хийхээр төлөвлөснөө ирэх есдүгээр сард дуусгах аж. Цуглуулсан дээжүүдийг лабораторид илгээн, нүүрсний чанарыг тодорхойлох гэнэ.
Хөвсгөл аймгийн Мөрөнгөөс баруун урд зүгт ердөө 10 орчим км зайд орших Нүүрстэй ордоос 15-25 сая тонн “хар алт” олборлох боломжтой хэмээн үзэж буй. Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам барих концессийн гэрээг Австрали, БНХАУ-ын консорциум байгуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн. “Aspire Mining” компани нь коксжих нүүрсний Овоот төслийг эзэмшдэг. Нүүрстэй орд нь дээрх шинээр барих төмөр зам дагуу байрладаг тул тэндээс уг төмөр замаар бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой гэнэ. Өнгөрсөн онд “Aspire Mining” мөн л өрөмдлөг хийсэн бөгөөд судалгааны дүнг “Нүүрстэй” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахад ашиглана хэмээн мэдэгдэж байв.
Ц.Болормаа