Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани Төв аймгийн Баян сумын нутаг дахь Цайдам нуурын хүрэн нүүрсний ордын нөөцийг түшиглэн барих 600 мВт хүчин чадалтай цахилгаан станцын 80 хувийг эзэмшихээр төлөвлөж буй тухайгаа өнгөрсөн зургадугаар сард мэдээлж байлаа. Тодруулбал, дээрх төсөлд хувь эзэмшихээр “Цайдам энержи” компанитай санамж бичиг байгуулж байв. Тэгвэл уг хэлэлцээрийг хийхээ больсон талаар тус компани өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэнийг miningweekly.com цахим хуудас уламжиллаа.
Уг нь төвийн эрчим хүчний системд холбохоор төлөвлөсөн дээрх цахилгаан станцын төслийн хөрөнгө оруулалтыг босгохоор “Aspire Mining” урд хөршийн эрчим хүчний компаниудтай ажиллаж магадгүй гэж мэдээлж байсан юм. Хэрэв “Guildford Coal” компани цахилгаан станцын дийлэнх хувийг эзэмшсэн бол буцаан төлөх нөхцөлтэй шилжүүлээд байсан хоёр сая ам.долларыг хэрэгсэхгүй болгох, нэмж шинээр хувьцаа гарган эзэмшүүлэх байсан гэнэ. Цайдам нуурын төсөл нь Улаанбаатараас зүүн өмнө зүгт 132, Транс Монголын төмөр замаас 15 км зайд оршдог байна.
Ц.Болормаа