Энэ хичээлийн жилд нийтдээ 580 гаруй мянган сурагч ерөнхий боловсролын сургуульд орж, сурах бичиг хэрэглэнэ. Нэг хүүхэд ойролцоогоор 6-10 сурах бичиг хэрэглэнэ гэж бодохоор таван сая гаруй сурах бичиг тараана гэсэн үг. Сурах бичиг тараах ажил жил бүр асуудал дагуулж, олдохгүй байна, БСШУ-ы сайдын баталсан үнээс өндөр үнэтэй, ченжүүд дамлаж байна гэхчлэн олон гомдол жил бүр гардаг. Энэ байдлыг халах зорилгоор Монголын залуучуудын холбооны Боловсролын байнгын хороо, БСШУЯ-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр сурах бичиг хэвлэсэн бүх компанийн сурах бичгийг хямд үнээр Улаанбаатар хот болон орон нутгуудад түгээх ажлыг зохион байгуулахаар болжээ. Нэг ч сурах бичиг дамлуулахгүй, нэг ч төгрөг нэмүүлэхгүйн тулд байнгын цэг ажиллуулан сурах бичиг борлуулах юм байна. 9-11 дүгээр сард ажиллах эдгээр цэгийг нийслэлийн Боловсролын газар (Номын цагаан өргөө), Багшийн хөгжлийн ордны гаднах талбайд байрлуулахаар болжээ.
БСШУЯ нийт сурах бичгийн 26 орчим хувийг сургуулиудад үнэ төлбөргүй нийлүүлдэг. Үлдсэнийг нь эцэг эхчүүд худалдаж авдаг. Тиймээс МЗХ-ны Боловсролын байнгын хорооноос нэн ядуу, хүнд амьдралтай айлуудын хүүхдүүдэд сурах бичиг төлбөргүй олгох ажлыг зохион байгуулахаар болж байгаа аж. Энэ ажил одоогоор сурах бичиг үйлдвэрлэдэг компаниудтай гэрээ байгуулах шатандаа явж байгаа аж. Энэ жил сурах бичгийн үнэ 1900-3900 төгрөгийн ханштай байгаа гэнэ.